“Дээд боловсролын засаглал” их дээд сургуулийн удирдлагуудад зориулсан сургалт

БСШУСЯ-аас 2018-2019 оны хичээлийн жилд ИДС-ийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд Сингапурын  Темасек сантай хамтран "Дээд боловсролын засаглал" сургалтын 2 дахь үе шат болох “Сургалтын чанарын удирдлагын тогтолцоо” семинарыг 2018 оны 12 дүгээр сарын 03-наас 06-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Тус сургалтын эхний шатны семинар нь “Дээд боловсролын засаглалын тогтолцоо ба засаглалын зохион байгуулалтын удиртгал” сэдвийн дор 2018 оны 11-р сарын 19-нөөс 22 ны өдрүүдэд зохион байгуулагдан, сургуулиуд өөрийн байгууллагын засаглалын өнөөгийн байдалд үнэлгээ хийн, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлүүдээ төлөвлөх үйл явцад суралцаж, арга зүйн дагуу бичиг баримтын эхний хувилбарыг боловсруулан сургалтанд оролцогчдод танилцуулан хэлэлцүүлсэн нь ач холбогдолтой зүйл болов.

Дээд боловсролын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг болох дээд боловсролын засаглалыг сайжруулах, сургалтын чанар ба боловсролын инновацийг чадавхижуулах, дээд боловсролын байгууллагууд цаашдаа өөрсдийн засаглалын системийг тогтвортой хөгжүүлэх мөн дээд боловсролын дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд засаглалын тогтолцооны загварчлалыг хэрэгжүүлэх шаардлага урган гарч буй энэ үед уг сургалт нь зайлшгүй шаардагдах арга зүйгээр дамжин хэрэгжих юм.

 

Сургалтанд БСШУСЯ-ны ДББГ-ын дарга, мэргэжилтнүүд, Боловсролын хүрээлэн, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, СУИС, ҮБХИС, ТТДС-ийн дэд захирлууд, хөгжлийн бодлогын албаны дарга, мэргэжилтнүүд, Үр дүнд суурилсан боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэгдэж буй CDIO-ийн мастер багш нар оролцож байна. Оролцогчид засаглалын бодлого, сургуулийн бодлогыг хэрхэн харилцан уялдаатайгаар зохион байгуулах, удирдлагын түвшинд чанартай боловсрол олгох хөтөлбөрийг өөрийн байгууллага дээрээ өмнө нь нэвтрүүлж байсан болон одоо хэрэгжүүлж буй бодлогын баримт бичиг, стандарт үйл ажиллагааны журам дээрээ анализ хийн, цаашид сургууль дээрээ баримтлах бодлого, хөтөлбөрөө шинэчлэх, сайжруулах загварыг сургалтын явцад гүйцэтгэх мөн бусад сургалтын байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хийх болно. 

 

Сургалтын үйл ажиллагааг нээж БСШУСЯ-ны ДББГ-ын мэргэжилтэн М.Энхээ эхний шатны семинарын үр дүнг дүгнээд, дээд боловсролын чанарыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах сургалтын зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулан, энэ удаагийн сургалтыг зохион байгуулж буй Сингапурын Политехникийн ерөнхий зөвлөх Chong Hwa болон Tan Pua мөн нийт оролцогчдод амжилт хүслээ.

Зорилго, зорилт:

“Дээд боловсролын байгууллагын засаглал” сургалтын гол зорилго нь тухайн байгууллагын удирдлага, засаглалын зохицуулалтыг хэрэгжүүлэгч, санаачлага гаргагч, манлайлагч  болгон хөгжүүлэхэд оршино. Зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

  • Байгууллагын үндсэн засаглалын тогтолцооны загварчлалыг дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлснээр боловсролын чанар дээшилнэ.
  • Боловсролын чанарын менежментийн САЙН тогтолцоог томъёолоход чиглүүлнэ.
  • Боловсролын чанарын менежентийн тогтолцоонд хамаарах бодлогын үйл ажиллагааг стандартчилах, бодлогын баримт бичгийг үр дүнтэйгээр баримтжуулах арга замыг дэвшүүлнэ.

Сургалтаас хүлээгдэх үр дүн:

  1. Дээд боловсролын сайн засаглалын 5 үндсэн чиглэлийг их сургуулиудын хүрээнд тодорхойлсоны үндсэн дээр өөрийн үнэлгээ хийн, засаглалын хүрээлэл тухайлбал стратеги, хэмжих арга зүй, гэх мэт засаглалыг бүрдүүлдэг түлхүүр үзүүлэлтүүдийг илрүүлэн тодорхойлно.
  2. Бодлогын удирдамж болон түүнд хамаарах бичиг баримт ба нотолгоо гэх зэрэг засаглалын стратегийг бүрдүүлэхэд хамаарах үзүүүлэлтүүдийг тодорхойлно.
  3. Дээд боловсролын засаглалын өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний үйл ажиллагааны үр дүнгийн хэрэгцээ шаардлагыг ойлгоно.
  4. Дээд боловсролын сургалтын чанарын менежментийн тогтолцооны хэрэгцээ ба зайлшгүй шаардлагыг таньж мэдэн, байгууллагын засаглал дахь хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг шууд үнэлнэ.
  5. Хөтөлбөрийн хөгжүүлэлт түгээн дэлгэрүүлэлт болон хөтөлбөрийг үнэлэхэд хэрэглэгдэх дээд боловсролын чанарын менежментийн тогтолцоог загварчилна.
  6. Боловсролын чанарын менежментийн тогтолцоонд хэрэгжүүлэх аргачлалын дагуу хэрэгжүүлэх удирдамж ба бодлогыг боловсруулна.

БСШУСЯ, ДБШТ