“MUST ROBOCON 2019” тэмцээнд “Цахим алт” баг түрүүллээ

Шинжлэх ухаан, технологийн  их сургуулийн Робот зохион бүтээгч оюутан залуусын шинэ санаа техник сэтгэлгээ, ур чадварын тэмцээн “MUST Robocon -2019”  03 сарын 16-ны өдөр Мэдээлэл холбооны технологийн сургууль дээр боллоо.

“MUST Robocon -2019” тэмцээнд үндэсний аварга шалгаруулах тэмцээний эрхээ аваад байгаа ШУТИС-ийн  6 баг болох робокон тэмцээний олон жилийн туршлагатай Механик тээврийн сургуулийн “Pro Mech ”, “Mechtron”, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “High Tech”, “Цахим алт” багууд мөн түүнчлэн робокон тэмцээнд 2 дахь жилдээ оролцож байгаа ШУТИС-Коосэн технологийн коллежийн “Ган робот” баг  болон “Робокон-2018” үндэсний тэмцээний аварга баг болсон  Эрчим хүчний сургуулийн “Эрчим” багууд тус тус өрсөлдлөө.

Тэмцээн олон улсын дүрмийн дагуу засагдсан талбайд “ABU Робокон” тэмцээний үндэсний шүүгчдийн заавраар явагдлаа. Энэ удаагийн тэмцээний талбайг Мэдээлэл холбооны технологийн сургуулийн III дамжааны оюутнууд олон улсын шаардлагын дагуу засаж тохижууллаа. Г.Эрхэмбаяр ахлагчтай төслийн баг Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд зарласан “Оюутны өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр”-т “Робот технологийн туршилтын талбай” төсөл бичин шалгарч тус төслийн хүрээнд талбайг заслаа.

Тэмцээн тойргийн системээр тоглож ялагчаа тодруулахад Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн “Цахим алт” баг 5 хожил, 1 цэвэр ялалт буюу “Уухай” өргөснөөр ялагч боллоо.

“Цахим алт” баг 2 минут 17 секундэд цэвэр ялалт хийсэн бол хоёрдугаар байранд Механик тээврийн сургуулийн “Мechtron” баг, гуравдугаар байранд Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “High tech” багууд тус тус шалгарлаа.

ШУТИС-ийн зүгээс тэмцээнд оролцсон багуудад дэмжлэг үзүүлж тодорхой мөнгөн дүнгээр урамшуулж байгаа бөгөөд багууд тус урамшуулалыг роботоо сайжруулахад зарцуулах юм. Робоконы  үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 04 сарын 27-ны өдөр Буянт-Ухаа спортын ордонд болох бол Монгол улсад анх удаагаа зохиогдож буй “ABU Robocon Ulaanbaatar” олон улсын тэмцээн 2019 оны 08 сарын 25-нд болно. “ABU Robocon Ulaanbaatar” тэмцээнд Монгол улсаас үндэсний тэмцээний ялагч эхний 2 баг оролцох эрхтэй болох юм.

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газар