Академич Л.Болд багшид хүндэтгэл үзүүллээ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Гадаад хэлний сургуулийн зөвлөх профессор, академич Л.Болд нь Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагналыг Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчөөс гардан авсныг хүндэтгэн ШУТИС-ийн удирдлага, гадаад хэлний сургуулийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Турк улс ШУА-ийн шагналыг 2015 оноос эхлэн шинжлэх ухааны 3 салбарт олгож эхэлсэн бөгөөд “Нийгэм хүмүүнлэгийн салбарын 2018 оны шагнал”-ын эзнээр Монгол улсын академич, Гадаад хэлний сургуулийн зөвлөх профессор Л.Болдыг шалгаруулсан явдал нь бидний хувьд бахархалтай үйл явдал болж байна.

Академич Л.Болд багш анх 1972 онд турк судлаач болсноос хойш зургаан жилийн турш Хөвсгөлийн уулархаг нутаг, Тофаларын тайга, Ховдын хязгаар гээд л тайгаар гэр хийж, үг цуглуулж байжээ. Мөн VII-VIII зууны үед хамаарах эртний турк хэл болон хөшөө дурсгал судалж эхэлсэн бөгөөд судалгааны ажлаараа "Орхоны бичгийн дурсгал" хэмээх дөрвөн боть ном хэвлүүлсэн. Мөн “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” цахим толь бүтээхэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.

Академич Л.Болд 2002 оноос Гадаад хэлний сургуулийн эрдэм судлалын ажлыг эрчимжүүлэх, эрдмийн зэрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх, суралцагчдыг эрдэм шинжилгээ судалгааны ажилд дадлагажуулах, их сургуулийн сургалтын хөтөлбөрөөр суралцагчдын эх хэл, хэл ярианы соёлын мэдлэг чадварыг сайжруулахад санаачилгатай ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн. 2002 -2003 онд ШУТИС-ийн ректорын тушаалаар ШУТИС-ийн ГХС-ийн зөвлөх профессороор ажиллаж байх хугацаандаа Гадаад хэлний сургуулийн багш, судлаачдыг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Хэл шинжлэл, монгол, түвд, будда судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, эрдмийн зэрэг хамгаалахад санаачилгатай ажиллаж холбоо тогтоосны дүнд тус сургуулийн багш Т.Батбаяр, Г.Туяа, Д.Ганчимэг, Б.Уранчимэг, Д.Болд, А.Навчаа нар  тус хүрээлэнд доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан. Гадаад хэлний сургуулийн багш А.Навчаа /2003/, С.Нарантуяа /2004/, Д.Туул /2004/, С.Дугармаа /2008/, Д.Баярмаа /2014/, Ц.Мөнхдэлгэр/2017/ нарын доктор /Ph.D/-ын зэрэг горилсон ажлыг удирдаж амжилттай хамгаалуулсан. Өнөөгийн байдлаар тус сургуулийн докторант, багш Д.Туяа, Ж.Ундармаа, Г.Гантуяа нар академич Л.Болдын удирдлагаар  зэрэг горилсон судлагааны ажил хийж байна.

ШУТИС-ийн нийт оюутнуудын эх хэл, хэл ярианы соёлын мэдлэг чадвар, ГХИ-ийн орчуулагчийн мэргэжлийн ангийн оюутнуудын монгол хэл, хэл шинжлэлийн мэдлэг, чадварыг сайжруулахад чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэхэд хувь нэмэр оруулж, Гадаад хэлний сургуулийн “Хэл ярианы соёл”, “Хэл шинжлэлийн удиртгал” хичээлийн сурах бичиг, гарын авлагыг хянан тохиолдуулж нийтийн хүртээл болгосон. Гадаад хэлний сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, төгсөлтийн комиссын гишүүний хувьд багш, оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг дээшлүүлэхэд 20 орчим жил идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн бөгөөд ШУТИС-ийн ГХС дээр Техник технологийн нэр томьёог хэл шинжлэлийн үүднээс системтэй судлах, улмаар нэр томьёоны өгөгдлийн сан –корпус байгуулахад үнэтэй зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.

Ингээд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Гадаад хэлний сургуулийн зөвлөх профессор, академич Л.Болд танаа эрдмийн их үйлсэд өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.