БУХС-ийн “Мэдээллийн Системийн Менежмент” мэргэжлийн төгсөгчдийн нэрэмжит “IT Solutions” лабораторийн нээлт боллоо

ШУТИС-ийн харьяа Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль (БУХС) Ай Ти Зон компанитай хамтран бодит практикт ажиллах боломжтой “Мэдээллийн системийн менежмент” мэргэжлийн төгсөгчдийн нэрэмжит “IT Solutions” лабораторийг нээлээ.

 

Тус лабораторийг “Мэдээллийн Системийн Менежмент” мэргэжлийн үе үеийн төгсөгчдийн чин сэтгэлийн хандиваар тохижуулсан бөгөөд салбарын ууган компани болох Ай Ти Зон ирээдүйн мэргэжилтнүүдэд зайлшгүй хэрэгцээтэй Дижитал ERP цогц системийг бүх төрлийн модуль болон бусад мэргэжлийн програм хангамжуудын хамт суулгасан компьютераар хөрөнгө оруулалт хийж, БУХС-тай цаашдын хамтын ажиллагааны санамж бичиг солилцлоо.

 

Ай Ти Зон компанийн Гүйцэтгэх захирал У.Наранбаатар “Эдүгээ мэдээллийн технологийн салбарт 21 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Ай Ти Зон компани нь МТ-ийн салбарын мэргэжилтэн бэлтгэгч Их дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай болсон нь ирээдүйн инженерүүд, МТ-ийн салбарын хөгжлийг сууриас нь дэмжиж буй хэрэг” хэмээн дурдаж байсан юм.

 

Ай Ти Зон компани БУХСургуультай хамтын ажиллагааны санамж бичиг солилцсоноор нэг талаас оюутнуудад өгөгдөл дээр ажиллах, дата анализ хийх, Дижитал бизнесийн ERP цогц системийн үндсийг суралцах, бодит туршлага олж авах гайхалтай нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг аж.