“Дээд боловсролын засаглал” их дээд сургуулийн удирдлагуудад зориулсан сургалт

БСШУСЯ-аас 2018-2019 оны хичээлийн жилд ИДС-ийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд Сингапурын  Темасек сантай хамтран "Дээд боловсролын засаглал"  сургалтыг 2 үе шаттайгаар 2018 оны 11 дүгээр сараас эхлэн зохион байгуулж эхэллээ. 

Дээд боловсролын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг болох дээд боловсролын засаглалыг сайжруулах, сургалтын чанар ба боловсролын инновацийг чадавхижуулах, дээд боловсролын байгууллагууд цаашдаа өөрсдийн засаглалын системийг тогтвортой хөгжүүлэх мөн дээд боловсролын дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд засаглалын тогтолцооны загварчлалыг хэрэгжүүлэх шаардлага урган гарч буй энэ үед уг сургалт нь зайлшгүй шаардагдах арга зүйгээр дамжин хэрэгжих юм.

Сургалтанд БСШУСЯ-ны ДББГ-ын дарга, мэргэжилтнүүд, Боловсролын хүрээлэнгийн захирал, МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС-ийн дэд захирлууд, хөгжлийн бодлогын албаны дарга, мэргэжилтнүүд, Үр дүнд суурилсан боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэгдэж буй CDIO-ийн мастер багш нар оролцож байна. Оролцогчид засаглалын бодлого, сургуулийн бодлогыг хэрхэн харилцан уялдаатайгаар зохион байгуулах, удирдлагын түвшинд чанартай боловсрол олгох хөтөлбөрийг өөрийн байгууллага дээрээ өмнө нь нэвтрүүлж байсан болон одоо хэрэгжүүлж буй бодлогын баримт бичиг, стандарт үйл ажиллагааны журам дээрээ анализ хийн, цаашид сургууль дээрээ баримтлах бодлого, хөтөлбөрөө шинэчлэх, сайжруулах загварыг сургалтын явцад гүйцэтгэх мөн бусад сургалтын байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хийх болно. 

Сургалтын үйл ажиллагааг нээж БСШУСЯ-ны ДББГ-ын дарга Т.Амаржаргалан дээд боловсролын чанарыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах сургалтын зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулан, сургалтыг зохион байгуулж буй Сингапурын Политехникийн ерөнхий зөвлөх Chong Hwa болон Linda Lee мөн нийт оролцогчдод амжилт хүслээ.

Зорилго, зорилт:

“Дээд боловсролын байгууллагын засаглал” сургалтын гол зорилго нь тухайн байгууллагын удирдлага, засаглалын зохицуулалтыг хэрэгжүүлэгч, санаачлага гаргагч, манлайлагч  болгон хөгжүүлэхэд оршино. Зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

  • Байгууллагын үндсэн засаглалын тогтолцооны загварчлалыг дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлснээр боловсролын чанар дээшилнэ.
  • Боловсролын чанарын менежментийн ЗӨВ тогтолцоог томъёолоход чиглүүлнэ.
  • Боловсролын чанарын менежентийн тогтолцоонд хамаарах бодлогын үйл ажиллагааг стандартчилах, бодлогын баримт бичгийг үр дүнтэйгээр баримтжуулах арга замыг дэвшүүлнэ.

Сургалтаас хүлээгдэх үр дүн:

  1. Дээд боловсролын сайн засаглалын 5 үндсэн чиглэлийг их сургуулиудын хүрээнд тодорхойлсоны үндсэн дээр байгууллагын 7 тулгуур баганын үзэл баримтлалыг өөрийн байгууллага дээр хэрэгжүүлнэ.
  2. Дээд боловсролын засаглалын өөрийн үнэлгээний систем ба хөндлөнгийн хяналтын талаар нэгдсэн ойлголтонд хүрнэ.
  3. Байгууллагын засаглал дахь сургалтын чанарын менежментийн тогтолцоо ба хөтөлбөрийн хэрэгжилтийн тогтмол хяналтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлно.
  4. Хөтөлбөрийг хөгжүүлэх, хүргэх болон үнэлэх арга замыг чиглүүлж өгсөнөөр тухайн байгууллага, нөхцөл байдалд тохирох дээд боловсролын чанарын менежментийн тогтолцоог загварчлана.
  5. Боловсролын чанарын менежментийн тогтолцоонд хэрэгжүүлэх аргачлал ба бодлогыг боловсруулах болно.

БСШУСЯ, ДБШТ