Өрөмдөгчдийн ажил, мэргэжлийн уралдаан зохион байгууллаа

УУХҮЯ, АМГТГ, МУУҮА, МУӨХ болон ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өрөмдөгчдийн ажил мэргэжлийн уралдаан энэ удаад эх орны Геологийн алба байгуулагдсаны 79 жил, Усны аж ахуйн салбарын түүхт 80 жилийн ойд зориулагдан  Худаг, усны өрөмдлөгийн чиглэлээр 2018 оны 10-р сарын 13-ны өдөр Налайх дүүрэг дэх сургалтын полигонд IX удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Уралдааны явц

Уралдаанд оролцогчдоос “Эрдэнэдриллинг“ХХК-ны өрөмдөгчид тэргүүн байр эзлэж, шилжин явах цом, “Ус-Оюу”ХХК-ны баг дэд байрыг, гутгаар байрыг “Ус-Ундрах” ХХК-ны багууд тус тус эзлэж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Уралдааны үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Монгол улсын Өрөмдлөгийн холбооны Гүйцэтгэх захирал, ШУТИС-ийн Зөвлөх профессор, техникийн ухааны доктор, Зөвлөх инженер Ж.Цэвээнжав, ШУТИС-ийн ГУУС-ийн Өрөмдлөгийн профессор, техникийн ухааны доктор, Зөвлөх инженер Л.Төвхөө, уралдааны хүндэт зочноор Монгол улсын Хөдөлмөрийн баатар, өрмийн ахлах мастер Ж.Сүрэнхүү, Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан, Өрмийн Зөвлөх инженер, Техникийн ухааны доктор Л.Лхагвасүрэн, Төрийн шагналт, Аж үйлдвэрийн Гавъяат ажилтан, өрмийн ахлах мастер Т.Баяраа, Гавъяат уурхайчин, өрмийн ахлах мастер М.Баян нар урилгаар, худаг усны өрмийн зарим байгуулагуудын удирдлага, өрөмдөгчид, оюутан суралцагсад оролцов.

 

Уг уралдааны үеэр Монгол орны Усны аж ахуйн салбарын Өрөмдлөгийн албаны хөгжлийн түүхэн замнал, өнөөгийн байдал, цаашдын хандлага, ирээдүйн талаар МУӨХ-ны Тэргүүн, техникийн ухааны доктор, дэд профессор, Өрмийн Зөвлөх инженер М.Наранбат, ХХААХҮЯ-ны Газрын дарга, доктор, Өрмийн Зөвлөх инженер Д.Батмөнх, профессор Ж.Цэвээнжав нар илтгэл тавив. Мөн Худаг усны өрөмдлөгийн шинэ дэвшилтэт технологи, техник, багаж хэрэгслийн талаар Эрдэнэдриллинг ХХК-ны захирал, Өрмийн Мэргэшсэн инженер Б.Шихтулга, Усны эрэл хайгуул, уст цэгийг сонгох аргачлалын талаар “Геомастер”ХХК-ийн мэргэжилтэн Ч.Ганбаатар, Өрөмдлөгийн болон угаалгын шингэний шинэ бүтээгдэхүүний талаар ханган нийлүүлэгч MSM ХХК-ны мэргэжилтэн Э.Батмөнх нар танилцуулга хийв.

Монгол орны инженер-техникийн ажилтнууд бэлтгэх хамгийн том уурхай болсон, удахгүй ирэх онд түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэх ШУТИС-ийн өрмийн полигон дээр явагдсан энэ арга хэмжээний үеэр “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-тохиолдуулан  өрмийн полигоны хашаандаа мод тарих ажиллагаа явагдав.

ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар