БНХАУ-ын Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв

Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боловсролын тэнхим хамтран 2018 оны 9 дүгээр сарын 4-8 өдрүүдэд "БНХАУ-ыг танин мэдэх", “Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулсан ба тус арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургуультай хамтран “Шинжлэх ухаан, технологи ба инноваци” сэдэвт үзэсгэлэнг ШУТИС-д амжилттай зохион байгууллаа.

“Шинжлэх ухаан, технологи ба инноваци” үзэсгэлэнгийн хүрээнд Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургуулийн намын дарга, профессор Жинь Рүй тэргүүлэгчтэй зочид, төлөөлөгчид 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр манай сургуульд айлчлан 2 сургуулийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тус уулзалтын үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургуулийн намын дарга, профессор Жинь Рүй нар хоёр их сургуулийн хооронд Хятад-Монгол хэлний “Техникийн нэр томьёоны толь бичиг” туурвих санамж бичигт гарын үсэг зурав.

Мөн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Шэн Мү” өндөр технологийн мал аж ахуйн ХХК-тай хамтран “Оюутны үйлдвэрлэлийн дадлага”-ын гэрээ байгуулав. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, “Шэн Мү” ХХК-ийн төлөөлөгч Жан Жя ван, Хүний нөөцийн захирал Жао Гуо жуан нар оролцлоо.

 

Түүнчлэн ӨМАҮИС-ийн Гадаад харилцаа, Олон улсын харилцааны сургуулийн захирал профессор Фэн Инь Хү Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуягт “Химийн инженерчлэл” 2+2 хөтөлбөрийн оюутнуудын ном сурах бичгийн дээжийг гардуулав.

ШУТИС, ӨМАҮИС-ийн хамтран хэрэгжүүлж буй 2+2 төслийн хүрээнд эхний шатанд “Химийн технологи ба инженерчлэл”, “Барилгын инженер”-ийн мэргэжлүүдийн техникийн нэр томьёоны толь бичиг туурвих ба дараагийн шатанд хийгдэх техникийн нэр томьёоны толь бичгийн мэргэжлийн төрлийг сонгох юм.