“IEEE subsection Mongolia” байгууллагыг байгуулахаар болов

Инженерийн салбарт томоохон үүрэг гүйцэтгэдэг олон улсын холбоо болох IEEE (Institute of Electrical and Electronics Engineering) байгууллагын салбар байгууллагыг ШУТИС-ийг түшиглэн Монгол улсад байгуулахаар боллоо.  2018 оны 06 сарын 18-ны өдөр IEEE байгууллагын Ази номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Профессор Акинори Нишихара болон бүсийн зохицуулагч Наказато Хидэнори нар ШУТИС-д айлчилж, захирал Б.Очирбат болон багш судлаачидтай уулзлаа.

 Мөн түүнчлэн ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд Эрдэм шинжилгээ, инновацийн газраас   “IEEE байгууллагын салбарыг Монголд улсад байгуулах нь” сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Захирал Б.Очирбат хэлэлцүүлэгийг нээж хэлсэн үгэндээ: “Дэлхийд нэр хүндтэй чадварлаг багш, судлаачид, инженерүүдийн нэгдэл болсон энэ байгууллагын салбарыг Монгол улсад байгуулах талаар ШУТИС санаачлага гаргаж ирсэн тухай тэмдэглэн хэлсэн бол Эрчим хүчний сургуулийн дэд профессор Б.Загдхорол, Геологи уул уурхайн сургуулийн багш П.Ариунболор нар IEEE байгуулагын ач холбогдолын талаар багш, судлаачидтай санал солилцож, мэдээлэл хүргэлээ.

IEEE байгууллагын салбарыг байгуулахад тус байгууллагын идэвхитй гишүүн судлаачдын хүсэлтэд үндэслэдэг тухай бүсийн зохицуулагч Наказато Хидэнори танилцуулсан ба үүний дагуу идэвхитэй гишүүд “IEEE subsection Mongolia” байгууллагыг байгуулах тухай хүсэлтэд гарын үсэг зурж баталгаажууллаа. Уг хүсэлтийг IEEE байгууллагын удирдлагуудад танилцуулж шийдвэр гаргуулах тухайгаа Профессор Акинори Нишихара болон бүсийн зохицуулагч Наказато Хидэнори нар танилцуулаа.

АНУ-ын Нью Йорк хотод төвтэй IEEE байгууллага нь өнөөдрийн байдлаар 160 орны 417,000 орчим багш, судлаачид, инженерүүдийн гишүүнчлэлтэй бөгөөд 10 бүс нутгийг хамарсан 334 салбар (section)-ын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллагын цахим номын сан IEEE Xplore®  -ын 4 сая гаруй материалаас сар бүр 8 сая гаруй хандалтаар татагдаж байна. Мөн IEEE нь 200  сэтгүүл, хэвлэн нийтлэлийг 1300 гаруй стандартын хүрээнд хэвлэн нийтэлж 98 орны 1800 орчим олон улсын хурлыг техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн зохион байгуулж байна. 

Эрдэм шинжилгээ, инновацийн газар