ШУТИС-ийн 80 дахь удаагийн төгсөлт боллоо

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын 80, магистрын 42 дахь удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаа 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн төгсөлтөөр докторын сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, диссертац бичиж хамгаалсан 10 горилогчид докторын зэргийн диплом, 265 төгсөгч магистрын зэргийн диплом, 2290 төгсөгч бакалаврын зэргийн дипломтой төгссөнөөс онцлох дипломтой 71, дипломын зэрэгтэй 77 оюутан төгсөн гарч байна.

ШУТИС нь ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Тайвань, Энэтхэг, Япон, АНУ зэрэг орны их, дээд сургуулиудтай бакалаврын 18, магистрын 5 хамтарсан хөтөлбөрөөр сургалт явуулдаг бөгөөд энэ төгсөлтөөр ГУУС-ийн БНХАУ-ын Шандунь сургуультай хамтарсан Геодези 2+2 хөтөлбөрөөр 3, ЭХС-ийн Хойд Хятадын Эрчим хүчний сургуультай хамтарсан Цахилгаан хангамж 2+2 хөтөлбөрөөр 1, МХТС-ийн ОХУ-ын Москвагийн Холбоо, мэдээллийн техникийн их сургуультай хамтарсан Утасгүй холбоо, Холбооны сүлжээ холболтын технологи хөтөлбөрөөр 10,  БАС-ийн ҮБХИС-тай хамтарсан Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрөөр 2, ЭХС-ийн ҮБХИС-тай хамтарсан Цахилгаан хангамж хөтөлбөрөөр 3, ГУУС-ийн Геодези хөтөлбөрөөр МУ, Лаос улсын засгийн газрын тэтгэлгээр 2 төгсөгч тус тус төгсөн гарлаа.

Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ганбат, ШУТИС-ийн төгсөгч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, А.Ундраа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргалан, ШУТИС-ийн Захирал Б.Очирбат болон дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, эрдэмтэн багш нар оролцлоо. Хаврын улирлын төгсөлтийн ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн Захирал Б.Очирбат үг хэлж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, А.Ундраа нар төгсөгчдөд мэндчилгээ дэвшүүллээ.

Төгсөгчдөд диплом олгох ШУТИС-ийн Захирлын тушаалыг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од уншиж танилцуулснаар ШУТИС-ийн төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа эхсэн. Нийт төгсөгчдийг төлөөлж Геологи, уул уурхайн сургуулийн Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр бакалаврын зэрэг хүртсэн Нацагдорж овогтой Эрдэнэбулган эрдэмтэн багш нар, зочид төлөөлөгчдөдөө хандан баяр, талархлын үгээ хэллээ. Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж, малгай шидэлтийн баяраа хийн ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

Нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт,

амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.