Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтарсан хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ШУТИС хамтран “Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт болон авто замын бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд”-ийн асуудлаар хамтран ажиллах боломжийг хэлэлцэх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр “ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” уулзалтыг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Ч.Батбилэг, Нийслэлийн авто замын газрын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлстийн дарга Б.Мөнхбаатар, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр болон бусад холбогдох албаныхан, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, дэд захирал Т.Намнан, Б.Сүхбат, ЗХНГ-ын дарга Н.Ганзориг болон манай эрдэмтэн профессор, судлаач багш нарын нийлсэн 80 гаруй хүн оролцлоо.

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад давхар гүүрэн гарцууд, олон түвшний огтолцол бүхий гүүрэн гарц хэрэгтэй юу, замын түгжрэлийг бууруулахад ямар ажлыг хийж хэрэгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, газар зохион байгуулалтыг хэрхэн үр дүнтэй хийж утааг бууруулах  талаас эрдэмтэн, судлаач нартай харилцан санал солилцох нь хэлэлцүүлгийн гол зорилго байсан юм. Хэлэлцүүлгээр дараах 4 үндсэн илтгэлийг сонсож, чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг хийж цаашид уялдаа холбоотой хамтран ажиллахаар шийдвэрлэсэн үр дүнтэй арга хэмжээ болсон байна.

  1. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг арилгах үндсэн шийдэл “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” төсөл /Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлстийн дарга Б.Мөнхбаатар/
  2. Улаанбаатар хотод 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гүүр болон нүхэн гарцуудын танилцуулга /Нийслэлийн авто замын газрын орлогч дарга Б.Индра/
  3. Төвлөрсөн бус бохирын шийдэл / ШУТИС-БАС-ийн доктор, дэд профессор Д.Басандорж/
  4. УБ хотын агаарын бохирдлыг бууруулах шийдэл /ШУТИС-ХШУС-ийн доктор, дэд профессор Б.Тунгалагтамир/

Хэлэлцүүлгээр нийслэлд тулгамдаж буй асуудлаар салбар бүрт байнгын уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байх, нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд эрдэмтэн судлаачдын санал хүсэлтийг урьдчилан авч, тэдгээрийн судалгаанд суурилан хэрэгжүүлж байх, Нийслэлийн ЗДТГ болон ШУТИС-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах зэрэг ажлуудыг судлан, хэрэгжүүлж ажиллахаар харилцан тохиролцлоо.  

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР