МехТС-ийн Механик, мехатроникийн салбарын Үйлдвэрийн механикжуулалтын лабораторийн нээлт боллоо

ШУТИС-ийн МехТС-ийн Механик, мехатроникийн салбарын “Үйлдвэрлэлийн механикжуулалт”-ын лабораторийг “Хишиг Арвин” группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар засвар, тохижилтын ажлыг хийж ашиглалтад хүлээлгэн өглөө. Нээлтэд ШУТИС-ийн МехТС-ийн Эрдэм шинжилгээ, Инноваци эрхэлсэн дэд захирал П.Аюурзана,  Механик, мехатроникийн салбарын эрхлэгч Д.Ганбат, дэд профессор Я.Рэнчинванжил, “Хишиг Арвин” группийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Иан МкНэйл, Үйл ажиллагаа хариуцсан захирал М.Тулгат, Техник хариуцсан менежер Г.Баяраа, "Сүндэр Өргөө Трейд” ХХК-ны захирал Ганзолбоо нар болон Хишиг Арвин компанийн инженер, техникийн ажилтнууд, манай сургуулийн профессор багш, ажилтнууд оролцлоо.

Энэхүү лабораторид мэргэжлийн ангийн оюутнууд үйлдвэрлэлийн болон сургалтын дадлага, судалгаа шинжилгээний ажил  явуулах, төгсөлтийн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой туршилтын стенд, төхөөрөмжийг үйлдвэрлэж угсрах зэрэг ажлуудыг хийнэ.

Нээлтийн үеэр МехТС-ийн болон “Хишиг Арвин” группийн удирдлагууд цаашид хамтран ажиллах “Санамж бичиг”-т харилцан гарын үсэг зурлаа.

Өөрсдийн хөрөнгөөр лабораторийн засвар, тохижилтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн “Хишиг Арвин” групп, “Сүндэр Өргөө Трейд” ХХК-ийн хамт олонд сургуулийнхаа хамт олны зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье.