ШУТИС-ийн залуу багш, ажилтны анхдугаар чуулга, уулзалт зохион байгуулав

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн залуу багш, ажилтны санаачилгаар 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр чуулга уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад ШУТИС-ийн захирал Б.Очирбат, дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Т.Намнан, Б.Сүхбат, ЗХНГ-ын дарга Н.Ганзориг болон бусад бүрэлдэхүүн сургуулийн төлөөлөл болсон 106 багш, ажилтан чуулганы хэлэлцүүлэгт идэвхтэй оролцов. ШУТИС-ийн Алсын хараа, эрхэм зорилго, зорилтот нийцүүлэн хэрэгжүүлж болохуйц санал санаачлагуудыг өрнүүлж, хамтран ажиллах чиглэл гаргаж ажиллах болсныг чуулганд оролцогчид онцолж байлаа.

            Чуулга уулзалтын зорилго нь залуучуудын саналыг нэгтгэх, хамтарсан зохион байгуулалттай үйл ажиллагааг залуучуудад чиглүүлэх, мөн “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх явдал юм. ШУТИС-ийн залуу багш, ажилтны чуулганыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Чуулганд “Залуучуудын оролцоо ба эрх зүйн орчин” сэдвээр ГУУС-ийн ахлах багш Б.Улаанбаатар, “ШУТИС-ийн маркетингийг сайжруулах боломж ба залуучуудын оролцоо” сэдвээр БУХС-ийн дэд профессор Д.Баярмаа, “Дээд боловсролын салбарын шинэчлэлд багшийн үүрэг” сэдвээр БХТ-ийн захирал Х.Отгон-Эрдэнэ сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.

            Дээрх хэлэлцүүлсэн илтгэлүүдийн хүрээнд залуучууд “ШУТИС-ийн хөгжилд залуучуудын оролцоо”, “ШУТИС-ийг сурталчлах шаардлагатай юу?” гэсэн хоёр сэдэвт тулгуурлан өөрсдийн санал бодлоо хуваалаж дараах санал, зөвлөмж боловсруулжээ.

Үүнд:

1. ШУТИС-ийн залуу багш, ажилтан нарт чиглэсэн бодлого боловсруулан гаргаж, тэдэнд тусгайлсан зөвлөл эсвэл зохион байгуулалттай баг ажиллах шаардлагатай.

2. ШУТИС-ийн үнэт зүйл, алсын хараа, эрхэм зорилго зэргийг илүү элсэгч, суралцагч, төгсөгч нарын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулах шаардлагатай.

3. ШУТИС-ийн залуу, багш ажилтан нарт чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг, тэдний хөгжих боломжийг бүрдүүлсэн орчин буй болгох, мөн түүнчлэн тэдэнд зориулсан хөгжлийн хөтөлбөртэй байх.

4. ШУТИС-ийн залуучуудын санал бодлыг нэгтгэх зорилгоор тогтмол үйл ажиллагааг идэвхтэй явуулах. Үүнийг оновчлохын тулд бүрэлдэхүүн сургууль бүрт зохион байгуулах нэгжүүдтэй байх. Энэ нь захирлын зөвлөлийн гишүүн байхад анхаарах.

5. ШУТИС-ийн залуучуудын холбоо байгуулах чиглэлээр тодорхой ажлыг зохион байгуулан ажиллах. Энэ нь ШУТИС-ийн зорилгод нийцсэн үйл ажиллагааны чиглэлтэй байх.

6. ШУТИС-ийн залуучуудад чиглэсэн гадаад хамтын ажиллагааны бодлогын хөтөлбөртэй байх гэж залуучууд саналаа нэгтгэж ШУТИС-ийн удирдлагад уламжилсан байна.

            Тухайлбал ШУТИС-ийн спортын 5 төрөлт тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр зарим багш нарын чуулганд дэвшүүлсэн саналын дагуу “Орчуулгын клуб” байгуулах ажлыг сурталчлах, бусад залуучуудын дэвшүүлсэн бүтээлч үйл ажиллагааг дэлгэрүүлэхээр ажиллаж буйг хэлэхэд таатай байна.

Эрхэм та бүхэн facebook.com/MUST-YOUTH/ группт нэгдэж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.