“Философи, хүний эрхийн уулзварт: цахим эрх чөлөө” философийн улсын IX олимпиадад ШУТИС-ийн оюутнууд тэргүүн байр эзэллээ

“Философи, хүний эрхийн уулзварт”  Философийн улсын IX олимпиад 2017 оны 12 сарын 06-ны өдөр МУИС-ийн төв номын санд амжилттай болж өндөрлөлөө. Уг олимпиадад ШУТИС, МУИС, ҮБХИС, ХСИС, СЭЗИС, МҮИС, АШУҮИС, ИЗОУИС, Шихихутуг ИС, Шинэ Монгол ДС зэрэг 10 их, дээд сургуулийн оюутнуудын баг оролцож цахим эрх, цахим орчин, цахим гадуурхал, хяналт, хувь хүн, байгууллагын нууцлал, кибер халдлага дайралт, цахим аюулгүй байдал, цахим засаглал ба шашин соёлын мөргөлдөөн зэрэг тулгамдаж байгаа асуудалд хүний эрх, философи, ёс зүйн  уулзварт цахим эрх чөлөө нь хэрхэн шинэ агуулга, тодорхойлолтоор баяжин гүнзгийрч байгааг холбогдох философи сэтгэлгээ, хүний эрхийн онол сургааль, тохиолдол жишээний үүднээс тайлбарлан мэдлэг ухаан, оюун, ур чадвараа сорилоо.

Энэ удаагийн олимпиадын үндсэн зохион байгуулагч:

§  БуХС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Салбар,

Хамтран зохион байгуулагч байгууллага:

§  ШУА-ийн Философийн хүрээлэн,

§  МУИС-ийн Шашин судлал, философийн тэнхим,

§   “Эмнести Интернэшнл” Хүний эрхийн олон улсын байгууллага тус тус ажиллалаа.

Олимпиад нь 2 үе шаттай явагдаж эхний шатны шалгаруулалтаас хасагдах журмаар 6 баг дараагийн шатанд шалгарлаа.

-          “Цахим эрх чөлөө” зургийн үзэсгэлэн

-          Медиа материал

-          Тест ажилбар,

-          Шийдлийн мэтгэлцээн,

-          Кино тайлбар гэсэн 4 төрлөөр явагдаж ШУТИС-ийн Идей баг 1-р байр, МУИС-ийн Пентасофия баг 2-р байр, ХСИС-ийн Netizens баг 3-р байр, СЭЗИС-ийн САМУР баг тусгай байр тус тус эзлэв.

ШУТИС, БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш Ц.Батцэрэн, багш Б.Наранбаатар нараар удирдуулсан “Идей” багт БуХС-ийн оюутан М.Бямбажав (Аялал жуулчлалын менежментийн IY), Г.Дэчмаа (Бизнесийн Удирдлага II), Ш.Шинэцэцэг (Бизнесийн Удирдлага II), Ц.Энх-Амгалан (Аялал жуулчлалын менежмент IV), Х.Анхбаяр (Уул уурхайн менежмент I) нар оролцон цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, “Уран илтгэгч”-ээр М.Бямбажав, “Мэргэн санаа дэвшүүлэгч”-ээр МУИС-ийн Б.Бямбаа нар  тодорч шагнагдав.  Олимпиадын  бэлтгэл ажилд ШУТИС-ийн оюутны “ИДЕЙ” клуб идэвхтэн дэмжигчид, гишүүдээ  оролцуулан идэвхитэй ажиллалаа.

Олимпиадад амжилттай оролцсон БуХС-ийн оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж, дэмжиж ажилласан БуХС-ийн захиргаа, санхүү, Нийгмийн ухааны салбарын ахлах багш С.Туяа, Т.Оюунбилэг, А.Нарангэрэл, туслах ажилтан Г.Ариунболд, Б.Биндэръя нарт талархал илэрхийлье.

БУХС-ИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ТЭНХИМ