Автотээврийн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв

Монгол улсад 1962 оноос автотээврийн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй бөгөөд энэ цаг хугацааг ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль бүрэлдэн бий болсон цаг үе хэмээн үздэг бөгөөд энэ жил манай сургуулийн 55 жилийн ой тохиож байна.

Бид 2016/2017 оны хичээлийн жилд сургалт, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх бодлогын хүрээнд хийгдэж байгаа бүхий л үйл ажиллагааг төрөлх сургуулийнхаа түүхт ойд зориулан явуулж 55 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтлаа.

Ой тэмдэглэх ажлын хүрээнд 2017 оны 10 сарын 05-ны өдөр ICAME-2017 олон улсын ЭШ-ний хурал зохион байгуулж, профессор, багш, оюутнууд болон гадаадын зочид төлөөлөгчдийн 20 гаруй илтгэл хэлэлцүүлж, i-Design лаборатори, Инженерийн төслийн урлан, Мехатроник, робот системийн урлан, Номын сангийн чөлөөт уншлагын танхим, Цутгуурийн лаборатори зэргийг шинээр байгуулан нээж, багш, оюутны бүтээлийн үзэсгэлэн, “Зураг түүх өгүүлнэ” фото зургийн үзэсгэлэн гаргаж, ахмад багш ажилтануудаа хүлээн авах ажлын зохион байгууллаа.

2017 оны 10 сарын 06-ны өдрийн баярын хуралд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, ЗТХЯ-ны сайд Д.Ганбат, БСШУЯ-ны дээд боловсролын газрын дарга Т. Амаржаргалан, УУХҮЯ-ны газрын дарга Б.Баатарсүх, БХБЯ-ны газрын дарга Б.Соёмбоо болон хамтран ажилладаг байгууллагууд, ахмад багш нар, МехТС-ийн хамт олон, үе үеийн төгсөгчид, оюутнуудын төлөөлөл оролцлоо. Баярын хурал дээр БСШУЯ, ЗТХЯ, БХБЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, БХЯ-ын болон ШУТИС, Тээврийн дээд сургууль, ХААИС, ҮБХИС болон хамтран ажилладаг байгууллага, бүрэлдэхүүн сургуулиудын шагналаар олон арван багш ажилтан, оюутан залуусыг шагнаж урамшууллаа.

Түүнчлэн баярын үеэр МҮОНТ-тэй хамтран хамт олны дунд “Таван даваа” цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулж, өдөр тутмын сонин хэвлэлүүдэд нийтлэл хэвлүүлж, сургуулийн түүхийн ном, танилцуулга, ЭШ-ний эмхэтгэл зэргийг түүхт ойд зориулан шинээр хэвлүүлж, профессор, багш нарын дунд үр дүнд суурилсан идэвхитэй сургалтын аргыг амжилттай хэрэгжүүлсэн шилдэг багш, шилдэг ном, сурах бичиг, шилдэг сургалт-судалгааны лаборатори зэрэг уралдаан зарлан дүгнэж шилдэгүүдээ шалгарууллаа.

Түүхт ойн босгон дээр ШУТИС-ийн шилдэг багш шалгаруулах уралдаанд манай сургуулийн Техникийн механикийн тэнхимийн профессор Д.Ганбат “ШУТИС-ийн шилдэг сурган хүмүүжүүлэгч багш“-ийн шалгаруулалтанд тэргүүн байр, Механик, мехатроникийн багш Дондогжамц “ШУТИС-ийн шилдэг залуу багш”-ийн шалгаруулалтанд 2-р байр тус тус эзэлж, ахлах багш С.Ариунбаяр Их Британи улсад, Ж.Цоож Тайвань улсад,  М.Тэлмэнбаяр ШУТИС-д докторын зэргээ амжилттай хамгаалсан зэрэг үйл явдал нь төрөлх сургуулийнхаа ойд барьсан хамгийн сайхан бэлэг байлаа.

        Ойн баярын үйл ажиллагаанд БНСУ-ын Улсаны их сургуулийн Механик, автоинженерийн тэнхимийн профессор Пак Хун Сог, БНСУ-ын Сун Чун Хян их сургуулийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн профессор Ким Хун Жин, ШУТИС-ийн “Хүндэт доктор” Сун Юүн Сон, БНХАУ-ын Уханы нэхмэлийн их сургуулийн Машин үйлдвэрлэл, автоматжуулалтын сургуулийн захирал Mei Shun Qi,  ОХУ-ын И.И.Ползуновын нэрэмжит Алтайн техникийн их сургуулийн Техникийн зураг зүйн тэнхимийн эрхлэгч проф. Гурьев А.М, ОХУ-ын Дорнод сибирийн технологи, менежментийн их сургуулийн Метал судлал, материал боловсруулалтын тэнхимийн профессор Лыгденов. Б.Д, Москвагийн их сургуулийн Шинжлэх ухаан судалгааны тооцооллын төвийн ЭШ-ний ахлах ажилтан Степаненко В.М, Asian SEED компаний зөвлөх мэргэжилтэн Яно Шаторо зэрэг гадаадын зочид ирж оролцов.

Ойн баярын хурлын дараа МехТС-ийн үе үеийн төгсөгчид оюутан залуусын концерт тоглож хамт олныг баярлууллаа.