“ХҮРЭЛ ТОГООТ-2017” ЭШХ 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдах гэж байна

БСШУСЯ, ШУТС, ШУТИС, ШУА, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу судлаачдын дунд жил бүр уламжлал болгон “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Энэ жилийн “Хүрэлтогоот-2017” техник, технологийн салбарын эрдэм шинжилгээний хурал 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 09:30 цагт ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн хурлын 604 тоот хурлын танхимд зохион байгуулагдана.

Залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний хурал нь инноваци, хэрэглээний шинжлэх ухаан болон технологи, суурь судалгааны гэсэн хоёр чиглэлд хуваагдан англи хэл дээр их, дээд сургууль, судалгааны байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж, суралцаж буй 35 хүртэл насны залуу эрдэмтэн, судлаачдын дунд зохион байгуулагдана.

Энэ удаагийн хурлын шилдгийн шилдэг нэг залуу судлаачдыг  2017 оны 11-р сарын 23-25-ний өдрүүдэд Япон улсын Саппоро хотод Монгол-Хоккайдогийн нийгэмлэг болон МЗЭХ-ноос хамтран зохион байгуулах “Хөгжлийн гарц ба шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд үнэ төлбөргүй оролцох эрхийн бичгээр шагнан урамшуулж байгаагаараа онцлог байна. Түүнчлэн тус ЭШХ-д салбар тус бүрээс шилдгээр шалгарсан хоёр залуу судлаачид БСШУС-ын сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грантыг олгодог ба II байр – 2, тус бүр 200.0 мянган төгрөг, сертификат, тусгай байр – 2, тус бүр Чагдаржав сангийн нэрэмжит 100.0 мянган төгрөгийн мөнгөн шагнал, сертификатыг гардан авна.

Энэхүү хурлыг зохион байгуулснаар бид оюуны нөөцөө зүй зохистой төвлөрүүлж, эдийн засгийн үр өгөөж бүхий шилдэг техник, технологийг нэвтрүүлж, инновацийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх, залуу эрдэмтэн судлаачдын бүтээл, туурвилыг олон нийтэд сурталчилан таниулах, шинжлэх ухаан, инновацийн чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, инновацийг хөгжүүлэхэд тэдний оролцоог дэмжих замаар улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах эрхэм зорилготойгоор эхлүүлсэн ажил маань жил бүр өргөжин тэлж, Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх томоохон талбар болж байгаа билээ.

Тус “Хүрэл тогоот-2017” технологи, инновацийн олон улсын хуралд ОХУ, Япон, Тайвань, Солонгос, Монгол зэрэг 5 улсаас нийт 50 гаруй залуу эрдэмтэн, судлаачид бүтээл ирүүлснээс, анхан шатны шалгаруулалтаар 30 гаруй бүтээлийг эмхтгэн та бүхэндээ толилуулж байна. Эдгээр бүтээлээс дараагийн шатанд суурь болон хэрэглээний чиглэлээр тус бүр 7 илтгэл шалгаруулж, 3 шатанд хэлэлцүүлэх гэж байна.

Нийт эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд та бүхнийг манай хурлыг сонирхож идэвхтэй оролцохыг урьж байна.

Холбоо барих: 99228060, 99020210, khureltogoot.tech.inno@gmail.com,

Хуралд оролцох онлайн бүртгэл: http://khureltogoot.mysa.mn/conference_register

Технологи Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг