Японы Акита их сургуулийн Инженерийн шинжлэх ухааны сургуульд зэргийн бус сургалтад хамрагдав


9-р сар. 7, 2017, 6:42 a.m.

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн сургалтын мастер Т.Энхтуяа 2017 оны 8 дугаар сарын 2-30-ны хооронд “Инженер технологийн дээд боловсрол” төслөөр “Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа ба хөгжүүлэлт” сэдэв бүхий төслийн багаас Японы Акита их сургуулийн Инженерийн шинжлэх ухааны сургуульд 28 хоногийн хугацаатай зэргийн бус сургалтад хамрагдаад, баталсан төлөвлөгөөний дагуу амжилттай ажиллаад ирлээ.

Тус сургуулийн материалын шинжлэх ухааны салбарын лабораториудад профессор Хироказу Окавагийн удирдлагаар туршилт судалгаа явуулсан. Энэ судалгааны ажил Li-ионы батарейн катодын материалын цахилгаан дамжуулалтыг сайжруулах зорилготой бөгөөд тус ажлаараа аргон хийн орчинд хэт авианы аргаар алтны нано бөөмийг гурван төрлийн нүүрстөрөгчийн гадаргууд суулгах туршилтын ажлыг явуулж нийт 39 дээж бэлтгэсэн.

Проф. Сугавара, проф. Окава нарын хамт

SEM, TEM дээр ажиллаж буй байдал

 

Гарган авсан материалыг UV-vis spectrophotometer, TEM (Transmission Electron Microscopy), ICP-OES (Inductively Coupled Plasma Optical Emission Spectrometry) багажуудаар судалсан.

Туршилтын дүнд алтны нано бөөм нүүрстөрөгчид бүрэн суусан эсэхийг шүүсний дараах уусмалыг UV-vis-ээр хэмжиж, мембран шүүлтүүр дээрх гарган авсан материалыг хатаасны дараа TEM-ийн дээжээ бэлтгэж хэмжихэд алтны нано бөөмийн хэмжээ 5-15нм байсан бөгөөд сонгон авсан нүүрстөрөгч, спирт зэргийн шинж чанараас хамаарч алтны нано бөөм нүүрстөрөгчийн гадаргууд  амжилттай суусан  үр дүнгүүд гарсан.

Нүүрстөрөгчтэй  болон  нүүрстөрөгчгүй  алтны  нанбөөмийн дисперс уусмал, мембран шүүлтүүр дээрх гарган авсан материалын зураг

Дээрх туршилтаас гадна өөрийн судалгааны лабораторид синтезлэн гаргаж авсан цайрын оксид, төмрийн оксидын нано бөөмийг TEM-ээр хэмжиж судалгааны ажлын үрд дүнг баталгаажуулсан.