БАС болон БНСУ-ын Ёнсей Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд О.Алтанзагас докторын зэрэг хамгааллаа

ШУТИС-БАС-ийн Барилгын Инженерийн Салбарын багш О. Алтанзагас нь 2017 оны 06-р сарын 30-нд “Ү-хэлбэрийн хавиргат сараалжин холбоосыг ган-төмөрбетон бүтээцэд хэрэглэх судалгаа” сэдэвт бүтээлээр техникийн шинжлэх ухааны докторын (Ph.D) зэрэг амжилттай хамгааллаа.

Манай оронд хол алгасалтай гүүр, авто зогсоол доорх гараж, олон давхар барилга ихээр баригдах болсон, давхар зам төлөвлөх шаардлага үүссэнтэй  холбоотойгоор төмөр бетон бүтээцтэй харьцуулвал харьцангуй жин хөнгөн, даац сайн, хөдөлмөр зарцуулалт бага зэрэг олон давуу талуудтай  ган- төмөрбетон бүтээцийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүсч энэ талын норм дүрэм, техникийн асуудлууд хөндөгдөж эхэлж байгаа үед ган төмөр бетон бүтээцийн шинэ холбоосын судалгааны ажлыг гүйцэтгэсэн нь чухал ач холбогдолтой ажил болсон юм.

Ү-хэлбэрийн холбоос нь уламжлалт шилжисхийлтийн холбоосуудтай харьцуулахад бат бэх, налархай ажиллах чадвартай, үйлдвэрлэхэд энгийн, гагнуурчнаас өндөр ур чадвар шаарддаггүй, ширээлтийн нарийн тоног төхөөрөмж  хэрэглэдэггүй зэрэг олон давуу талтай бөгөөд манай улсад практикт нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж профессор багш нар, хамгаалуулах зөвлөлийн гишүүд дүгнэж байна.

Уг судалгааны ажлын удирдагчаар ШУТИС-БАС-ийн дэд профессор Э.Ганзориг болон БНСУ-ын Ёнсей Их Сургуулийн профессор Ким Санг Хёо нар, зөвлөхөөр докторпрофессор Я. Дүйнхэржав, профессор П. Отгонбаяр багш нар ажилласан.

БНСУ-ын Ёнсей Их Сургууль болон ШУТИС-БАС-ийн хамтын ажиллагаа 2008 оноос цуврал лекц, семинар зохион байгуулах, оюутан багш солилцох хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлсээр ирсэн бөгөөд 2017 оны 02-р сарын 06-нд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар, хоёр сургуулийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлж оюутан, багш солилцох, туршилт судалгааны ажил хийх, сургалтын материллаг баазыг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болсон. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд уг дисертцийн ажлын туршилт, судалгааг БНСУ-ын Ёнсей Их Сургуулийн лаборатори болон орчин үеийн дэвшилтэт технологи бүхий итгэмжлэгдсэн сорил, туршилт шинжилгээний лаборатори “Кorea Сonformity Laboratory”-д гүйцэтгэх боломжийг олгосон юм.

Мэдээг бэлтгэсэн: БАС-ийн захиргаа