Европын Холбооноос судалгааны ажлыг дэмжлээ

Европын холбоо болон Чехийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “People in Need” байгууллага нь 2013-2016 оны хооронд “Хонины ноосоор барилгын дулаалгын материал хийж ашиглах хангамжийн сүлжээг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлсэн билээ. Уг төслийн зорилго нь байгаль орчинд ээлтэй, ногоон, дэвшилтэт технологиор хонины ноосон барилгын дулаалгын материал үйлдвэрлэх, ашиглах, хангамж нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд оршиж байв. Төслийн ажлын хүрээнд уг байгууллага нь ШУТИС-ийн харьяа ҮТС-д 20800 долларын өртөгтэй өндөр идэвхтэй шингэний хроматограф (HPLC-1620A High Performance Liquid chromatography) багажийг судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилготойгоор хүлээлгэн өглөө.    

2017 оны 6 сарын 05-09-ны хооронд HPLC-1620А багажаар нэхмэлийн ширхэгт материалын бүтэц, найрлагад агуулагдах нэгдлүүдийг тодорхойлох сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Support to the Modernisation of Mongolia’s Standardisation System” төслөөс амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад ҮТС-ийн багш нар, Говь ХХК, Гоёо ХХК, Эрдэнэт Хивс ХХК-ны чанарын удирдлагын мэргэжилтнүүд, Гаалийн төв лабораторийн шинжээч нар хамрагдсан ба дараах дэд сэдвүүдийн дагуу сургалт судалгааг хийсэн болно. Үүнд:

· Нэхмэл материалд агуулагдах тос эмульсийн хэмжээг илрүүлэх

· Холиотой нэхмэлийн ширхэгт материалын орц найрлагыг тогтоох

· Нэхмэл материал болон хөдөлмөр хамгааллын бүх төрлийн хувцсанд агуулагдах Формалдехидын хэмжээг тодорхойлох

· Ноос ба ноолууран эд эдлэл болон барилгын материалын цагаан эрвээхий, шавьжид идэгдэх байдлыг тодорхойлох

· Нэхмэлийн ширхэгт материалд агуулагдах будгийн  хэмжээг тодорхойлох

· Будгийн агууламжийг MNS 6295:2011 стандарт болон “Oeko-Tex 100” стандартад уялдуулан будгийн төрөл, хүний биед аллерги харшил үүсгэх мөн хорт хавдар үүсгэх нэгдэл агуулагдаж байгаа эсэхэд чанар ба тооны анализ хийх зэрэг болно.

HPLC-1620A багажаар нэхмэлийн ширхэгт, утас, ээрмэл, сүлжмэл, даавуу, үслэг, арьс ширэн бүтээгдэхүүнийг шингэн төлөвт оруулан тэдгээрийн бүтцэд агуулагдах бодис, урвалж, будгийн хэмжээг нарийвчлан судлахаас гадна ноосон барилгын дулаалгын материалын хорхой, шавьжид идэгдэх байдлыг шинжлэн судалж чанар ба тооны анализ хийнэ.  Энэ нь манай улсын хөнгөн үйлдвэрийн  салбарт анх удаа хийгдэх судалгаа, шинжилгээний дэвшилтэт ажил болж байгаараа онцлог юм.