ШУТИС-ийн профессор, багш, судлаачид Стратегийн Технологийн Олон улсын XII Форум (IFOST 2017)-д оролцлоо

БНСУ-ын Улсаны их сургууль дээр 2017 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Стратегийн технологийн олон улсын ээлжит XII форум (IFOST)-д ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргалаар ахлуулсан бүрэлдэхүүн сургуулиудын 29 профессор, багш, судлаач, докторант оюутнууд амжилттай оролцоод ирлээ.

Тус форум нь бүс нутгийн хэмжээнд инженер, технологийн чиглэлээр жил бүр аль нэг гишүүн их сургууль дээр зохион байгуулагддаг олон улсын нэр хүнд бүхий томоохон эрдэм шинжилгээний хурал бөгөөд олон орны эрдэмтэн судлаачид, инженерүүд, магистр, доктор оюутнуудын хувьд орчин үеийн шинэ дэвшилтэт технологийн чиглэлээр хийж буй судалгааны ажлын шинэхэн үр дүнгүүдээ танилцуулдаг, харилцан туршлага солилцож, салбар хоорондын интеграцийг хөгжүүлэх, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлдэг олон улсын хэмжээний өндөр ач холбогдолтой платморм юм.

 ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор, профессор Х.Энхжаргал “IFOST-2017” форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлэхдээ, “Ойрын ирээдүйд дэвшилтэт технологийн мэдлэгтэй мэргэжилтнүүд өөрийнхөө мэргэжлийн хүрээгээ олон салбаруудын төрөлжилтийн нэг гэдгээр нь онцгойруулан мэдэрч шинэ нэгдмэл (converging) технологи, инновацийн салбаруудад хүчээ сорих шаардлага тулгарч байна. Олон тооны үйлдвэрлэгч компани, их сургууль, Засгийн газрын байгууллагуудын хэрэгцээнд тулгуурлан, техник технологийн мэдээлэл ба мэдлэгийг байнга солилцдог тодорхой судалгааны багуудын нээлттэй орон зайг үүсгэх нь хөгжлийн эн тэргүүний шаардлага болжээ. Ийм ч учраас тус форум нь инженерүүд, судлаачдад хэрэглээнд чиглэсэн судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнгээ хуваалцах, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах болон олон улсын түвшний инновацийн бүтээгдэхүүн бойжуулах үйл явцыг тасралтгүй дэмжих нөхцлийг бүрдүүлэхэд чухал түлхэц болж өгдөгийг дахин хэлэхэд таатай байна” гэв.

ШУТИС-иас энэ удаагийн форумд нийт 58 эрдэм шинжилгээний өгүүлэл илгээгдсэнээс 40 судалгааны өгүүлэл олон улсын IEEE мэдээллийн санд (http://ieeexplore.ieee.org/Xplore/home.jsp) бүртгэгдэхээр хүлээн зөвшөөрөгджээ.

Ирэх жилийн ээлжит форумыг БНХАУ-ын Харбины шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр 2018 оны 5-р сарын 30-ны өдрөөс 6-р сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА