ШУТИС-ийн багш ажилтнууд Япон улсын их, дээд сургууль, технологийн институт, өндөр технологийн үйлдвэртэй танилцлаа

ШУТИС-ийн Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П. Жаргалтуяа, ШУТИС-ийн профессор багш, ажилтнууд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 29-ний өдрүүдэд  Япон улсын их, дээд сургууль, технологийн хүрээлэнгийн сургалтын үйл ажиллагаа, лабораторийн орчин, судалгааны ажлын чиглэл, хүрсэн түвшинтэй танилцаж, туршлага судалснаас гадна өндөр технологийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, чанарын хяналтын системтэй танилцлаа. Мөн их, дээд сургуулиудын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Тус үйл ажиллагааны хүрээнд ШУТИС-тай хамтын ажиллагааны гэрээтэй 3 их сургууль, технологийн институт, 2 өндөр технологийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

  • Шибаурагийн технологийн их сургууль

Тус сургуулийн номын сан,лабораторийн орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Олон улсын оюутан солилцооны хөтөлбөртэй танилцаж, цаашид оюутан солилцох хөтөлбөрийг олон чиглэлээр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. ШУТИС-иас  оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа.

  • Токиогийн эрчим хүчний их сургууль

Тус сургуулийн сүүлийн үеийн лаборатори, тоног төхөөрөмж, шинээр ашиглалтанд орсон их сургуулийн байрны цахилгаан дулааны шинэлэг шийдлүүд, сургалтын зохион байгуулалт, лабораторийн ашиглалт, хяналтын системтэй танилцлаа. Мөн цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломж, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр сургуулийн удирдлагатай ярилцав.

 

  • Чибагийн технологийн инстиут

Чибагийн технологийн инстиут нь Роботын судалгаа, Хиймэл оюун ухаан судлал, Сансар огторгуй судлалын чиглэлээр олон улсад танигдсан сургалт, судалгааны байгууллага юм. Дэлхийн их дээд сургуулийг эрэмблэсэн жагсаалтанд 65-р байранд, Япон улсдаа 9-р байранд ордог байна.

 

Энэ удаа ШУТИС-ийн профессор багш нар өөрсдийн мэргэжил, судалгааны чиглэлээр 3 баг болон хуваагдаж эрчим хүч, механик, барилга архитектур,судалгааны шинжилгээний лаборатори, төвүүдийн үйл ажиллагаа, судалгааны хүрсэн түвшин, орчин үеийн судалгааны чиглэл, хандлагатай танилцаж, мэдлэгээ өргөжүүлж, туршлага судаллаа.Тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, ерөнхийлөгчтэргүүтэйудирлагын бүрэлдэхүүн  ШУТИС-ийн удирдлага, багш нарын төлөөллийг хүлээн авч, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Мөн тус үйл ажиллагаанд Монголд улсад онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар олон жил ажилласан, ШУТИС-ийн хүндэт доктор, ноён Такенори Шимизү хүрэлцэн ирж ШУТИС-ийн удирдлага, багш нартай уулзлаа.

  • Ниссан машины үйлдвэр

Япон улсдаа төдийгүй дэлхийд томоохонд ордог Ниссан автомашины үйлдвэрлэлийн угсрах шатны үйл ажиллагаа, чанарын хяналтын системтэй дэлгэрэнгүй танилцлаа.

  • Нарны дэд станц, Роботын болон бусад тоног төхөөрөмжийн үйлдвэр

Монголд нарны панель нь үйлдвэрлэгддэг нарны дэд станц, Роботын болон үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Санко Сэйки” компанийн үйлдвэрлэл, чанарын хяналтын үйл ажиллагаатай  багш нар танилцлаа.

Япон улсын их, сургуулиуд, өндөр технологийн үйлдвэртэй ШУТИС-ийн профессор багш нарыг танилцуулах, туршлага судлах ажлыг зохион байгуулахад хамтран ажилласан “Санко Сэйки” компанийн ерөнхийлөгч, ШУТИС-ийн хүндэт профессор, ноён ШимизүТакаши,“Санко Маркетинг Монголиа” компанийн захирал Г.Нямдэлгэр, хамт олонд талархал илэрхийлье.

 

                                        Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба