“БОЛОВСРОЛ-2017” нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо

Монгол Улсын засгийн газраас боловсролын талаар баримталж буй бодлого, хэрэгжилт, үр дүнг  иргэдэд сурталчлах, зөвлөх, үйлчилгээ үзүүлэх зорилготой “БОЛОВСРОЛ 2017” нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус өдөрлөгт оролцож судалгаанд суурилсан нээлттэй их сургууль болох зорилгынхоо хүрээнд хийгдэж буй сургалт, судалгаа түүний агуулгын шинэчлэлээр хийгдэж буй үйл ажиллагаагаа танилцуулав.

Өдөрлөгт эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүн, оюутнуудын сургалтын үр дүнд бий болсон мэдлэгээ практикт хэрэгжүүлсэн бүтээлүүд, сургалтын агуулга, хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд СDIO санаачлагаар инженерийн боловсрол хэрхэн өөрчлөгдөж буйг илтгэх оюутнуудын бүтээлийг дэлгэн үзүүлэв. Мөн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Шим тэжээл судлалын төвийн үзлэг оношилгоо, Механик тээврийн сургуулийн оюутнуудын сонирхлынхоо дагуу хөгжүүлж байгаа алсын удирдлагатай (RC car) спорт загварын машины үзүүлбэр, Мэдээлэл, холбооны сургуулийн багш оюутны бүтээл, И-Нээлттэй институтийн виртуал лабораторийн танилцуулга, оюутны элсэлтийн мэдээлэл зөвлөгөө, сургуулийн брэнд бүтээгдэхүүний худалдаа зэрэг үйлчилгээг олон нийтэд хүргэлээ.