“Сургалтыг судалгаатай хослуулах боломж, судлаачийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний цуврал сургалт семинар өндөрлөлөө

“Сургалтыг судалгаатай хослуулах боломж, судлаачийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний цуврал сургалт семинар  2017 оны 4-р сарын 10-ноос 4-р сарын 17-ны хооронд 13:00-16:00 цагт Е-604, 1-203 тоот  танхимд явагдлаа.

4-р сарын 10 –ны өдрийн сургалтыг Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Математикийн салбарын дэд профессор, Тооцооллын ухаан ба Инженерчлэлийн судалгааны профессорын багийн профессор, Доктор (PhD) Ц.Мөнх-Эрдэнэ удирдан явууллаа.  Тэрээр Судалгаа хийх санаагаа хэрхэн олсон, судалгаанд математик загвар, тэгшитгэл яагаад зайлшгүй болох, бусад шинжлэх ухааны салбартай хэрхэн холбогдож байгаа талаар өөрийн судалгааны ажил дээрээ тайлбарлан ярилцав. Мөн судалгааны ажлаа сургалттайгаа хэрхэн холбодог, бакалавр, магистр оюутанг судалгааны ажил, математикт хэрхэн дур сонирхолтой болгодог туршлагаасаа хуваалцав. Судалгааны суурь нь математик юм гэдгийг онцлон  тэмдэглэв.

Сургалтын дараагийн хэсгийг Үйлдвэрлэл технологийн Сургуулийн Текстил судлалын салбарын профессор, Нэхмэлийн технологи, дизайны судалгааны профессорын багийн ахлагч шинжлэх ухааны доктор (ScD) Д.Энхтуяа удирдан явуулж, туршлагаа хуваалцав. Тэрээр Инженер бэлтгэх их сургуулийн багш нь “Инженер+ багш”  хоёр мэргэжлийг эзэмшсэн байх зайлшгүй шаардлагатайг онцлон, Инженерийн их сургуулийн багш нь оюутнуудад инженер мэргэжлийн ур чадварыг сургахаас гадна өөрсдөө инженер хүн-загвар, үлгэр дуурайл болдог. Инженерийн чиглэлээр хичээл зааж буй ихэнх багш нар зааж буй хичээлийнхээ онолын болон дадлагын судлаачид байдаг. Үүний зэрэгцээгээр эрчтэй хөгжиж байгаа технологийн шинэчлэл нь байнга инженерийн дадал чадварыг шаарддаг  байна. Судалгаа хийхэд САНААЧЛАГА, САНХҮҮЖИЛТ, МАТЕРИАЛЛАГ БААЗ чухал. “Хаана очих, юунд хүрэхээ төлөвлөж бай. Зам нь тодорно” гэсэн зөвлөмжийг хэлж байлаа.

4-р сарын 12 –ны өдрийн сургалтыг Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын дэд профессор, Эдийн засаг менежментийн микро түвшний судалгааны профессорын багийн профессор, Доктор (PhD) Х.Ариунаа удирдан явууллаа.  Тэрээр Сургалтыг судалгаатай хослуулах олон улсын туршлага (Япон, Солонгос, Австри), сургалт судалгаатай холбогдох нь, судлаачийн судалгааны гүйцэтгэлийн хэмжүүр ба сайжруулалт (Австрали, OECD), БуХС, БАТС-ийн өнөөгийн байдал гэсэн агуулгаар сонирхолтой лекц уншлаа. Олон улсын туршлагаас: “Профессор төсөл хийж гүйцэтгэх нь сургуульд мөнгө оруулах бус судалгааны ажлаараа PAPER хэвлүүлж сургуулийн рейтингийг өсгөх зорилготой, Тухайн судалгааны үр дүнд бичигдсэн ЭШӨ-үүд IF өндөртэй сэтгүүлд хэвлэгдсэн байдлаар төслийн үр дүнг хэмждэг” гэсэн санааг онцлон тодотгож байв.

Сургалтын дараагийн хэсгийг Үйлдвэрлэл технологийн Сургуулийн Текстил судлалын салбарын дэд профессор, доктор (PhD) Р.Мядагмаа удирдан явуулж, туршлагаа хуваалцав. Тэрээр ХБНГУ-д Нано технологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд судалгааны ажлын үр дүнгээ амьдрал практикт хэрхэн хэрэгжүүлсэнийг ярив. Түүний судалгааны үр дүнд тулгуурлан ҮТС, үндэсний үйлдвэрлэгч Эрдэнэт хивс ХХК –тай хамтран нано технологийн аргаар даавуу боловсруулах туршилт судалгааны төвийг байгуулан ажиллаж байна. Уг төв нь Монгол улсад анхны инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаараа онцлог юм. Тэрээр мөн малын гаралтай хаягдал бүтээгдэхүүнээс ахуйн хэрэгцээний саван үйлдвэрлэх технологи судлан анхны загварыг гаргасан бөгөөд түүнийг ШУТИС-ийн бренд бүтээгдэхүүн болгох зорилго тавин ажиллаж байна. Ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдтэй хамтран, тэдгээрээс гарсан хаягдал усыг цэвэршүүлэн саарал ус гарган авах технологийг судлах туршилтууд хийж байгаа тухайгаа ярьсан болно. “Бидний хувь заяа, бидний гарт байдаг” гэсэн сургамж өгч байлаа.

4-р сарын 17 –ны өдрийн сургалтыг Мэдээлэл, Холбооны технологийн Сургуулийн Холбооны салбарын дэд профессор, Дараа үеийн утасгүй холбооны судалгааны профессорын багийн профессор, Доктор (PhD) Г. Хишигжаргал удирдан явууллаа.  Тэрээр БНСУ-д докторын зэрэг хамгаалсан бөгөөд судалгаа хийсэн туршлага дээрээ үндэслэн дараах төслүүдийг удирдан амжилттай ажиллаж бйана. Үүнд: Өндөр хурдны үүрэн холбооны систем LTE суурьтай IoT-ын хөгжүүлэлт, IoT технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйн хэрэглээний ухаалаг системүүдийн хөгжүүлэлт, A study of radio resourse managment and sensing network topology for railway sensing network, LTE, LTE-A дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн техникийн нөхцөл, шаардлага, IoT суурьтай ухаалаг хотын нэгдсэн сүлжээг ашиглан нийтийн тээврийн хяналт удирдлагын системийг зохион байгуулах зэрэг болно. Мөн галт тэрэгний бодит хугацааны хяналтад зориулсан IoT утасгүй мэдрэгч системийн судалгаа, салхи болон чичиргээ хосолсон энерги хуримтлуулагч зохион бүтээж буй талаар сонирхолтой судалгаа танилцуулав. Утасгүй холбоо хөтөлбөрт CDIO-г нэвтрүүлэх, уг хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэл ABET- д оруулж хуримтлуулсан туршлагаа хуваалцав. Сургалтанд мэдлэг, чадвар (15%)-аас илүү зөв Хандлага (85%-үнэт зүйл, хэм хэмжээ, үзэл бодол, хүсэл тэмүүлэл, ёс зүй, итгэл үнэмшил)-г бий болгоход анхаарах нь чухал гэдгийг онцолж байлаа.

Сургалтын дараагийн хэсгийг Хэрэглээний шинжлэх ухааны Сургуулийн Химийн инженерчлэлийн салбарын дэд профессор, доктор (PhD) Д.Илчгэрэл удирдан явуулж, туршлагаа хуваалцав. Тэрээр АНУ-д докторын зэрэг хамгаалсан бөгөөд судалгааны ажлын үр дүнд хэрхэн машин зохион бүтээснээ ярив. Судалгааг хийхдээ: Судалгааныхаа ажлын сэдэв хүрээг сонгох, Судалгаа хийх аргаа сонгох, Туршилтаа явуулах, Судалгааныхаа үр дүнг тодорхойлох, анализ хийх, Судалгааны үр дүнг хэлэлцүүлэх, Судалгааны ажлаа бусдын хүртээл болгох  зэргийг мөрдөх.    

Сургалтыг судалгаатай хослуулах үндсэн дүрэм, “1.Сургалтандаа их цаг зарцуулбал судалгаандаа бага цаг зарцуулна гэсэн үг эсвэл эсрэгээрээ 2. Судалгаагаа зааж байгаа хичээлтэйгээ холбож хослуулах, ингэснээрээ таны судалгаа, таны сургалт 2-ынх нь үр дүн сайжирдаг” гэж томъёолж байлаа. Сургалтыг судалгаатай хослуулах энгийн дүрэм  гаргаснаа санал болгосон болно.

Судлаач хэрхэн хөгжиж болох туршлагаа хуваалцаж дараах “Судлаачийн хөгжлийн хүрээ”-г онцолж байлаа.

Эрдэмтэн судлаач багш нарынхаа судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!.

Багшийн хөгжлийн төв