Профессор, багш нарын “Эрдмийн чуулган-2017” болж өндөрлөлөө

ШУТИС-ийн профессор, багш нарын 2015, 2016 онуудад гүйцэтгэсэн шилдэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, сурталчлах, олон улсын мэргэжлийн түвшинд хянагддаг эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, сүүлийн жилүүдэд эрдмийн зэрэг хамгаалсан багш нарын судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, залуу судлаачдыг дэмжих, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой “Эрдмийн чуулган-2017” 2 дугаар сарын 16-ны өдөр болж өндөрлөлөө.

Эрдмийн чуулганд ШУТИС-ийн Ректор, доктор, проф.Б.Очирбат, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ОХХА эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд, ЭНБД нар болон нийт 142 профессор, багш судлаачид оролцсон байна.

  

            Эрдмийн чуулганы хүрээнд зохион байгуулагдсан үйл ажиллагааг тоймлон танилцуулвал:

  • Профессор багш нарын эрдэм шинжилгээний хуралд 3 чиглэлээр нийт 30 илтгэл, өгүүллийг хэлэлцсэн байна.
  • Судлаач багш нарын бүтээлийн танилцуулга, үзэсгэлэнд 2015, 2016 онуудад доктор, ШУ-ны докторын зэрэг хамгаалсан багш, судлаачид, судалгааны ажлын үр дүнгийн танилцуулга, залуу судлаачдын судалгааны ажлын танилцуулга, хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх санал, танилцуулга зэрэг нийт 33 ханын илтгэл байршуулсан байна.

“Эрдмийн чуулган-2017” эрдэм шинжилгээний хуралд дараах профессор, багш судлаачдын илтгэл, өгүүлэл шилдэгээр шалгарч, Ректорын батламж, судалгааны ажлын грантаар шагнуулав. Үүнд:

Байгалийн ухаан:

1) ХШУС-ийн ахлах багш, доктор В.Өлзийбаяр “Зарим хоёр ба гурван цэгийн Ньютон төрлийн итерацийн аргуудыг байгуулах, тэдгээрийн нийлэлтийн нөхцөлүүд” –Батламж, 1 сая төг.

2) ҮТС-ийн ахлах багш, доктор Э.Энхцэцэг “Хүнс-эмийн зарим ургамлын биологийн идэвхийн (ферментийн эсрэг үйлчлэх) харьцуулсан судалгаа”-Батламж, 500 мянган төг.

Нийгэм, хүмүүнлэгийн ухаан:

1) БУХС-ийн ахлах багш, доктор Д.Баярмаа “Голланд өвчний онолын загварыг эргэн шинжлэхүй: нүнжигтэй түлш ба хараалтай метал” –Батламж, 1 сая төг.

2) БУХС-ийн ахлах багш, доктор О.Тамир “Бүтээгдэхүүний үнэлгээнд сэтгэл хөдлөлийн валент болон хүч харилцан холбоотойгоор нөлөөлөх нь” - Батламж, 500 мянган төг.

Инженер-технологи, хэрэглээний шинжлэх ухаан:

1) МХТС-ийн багш, доктор Х.Загарзүсэм “Графин-германи шотки диодны цахилгааны болон нам давтамжийн шуугианы характеристик” – Батламж, 1 сая төг.

2) ХШУС-ийн дэд профессор, доктор Д.Илчгэрэл “Нанохэмжээст жижиг хэсгүүдийн бөөгнөрөлийг полимерийн дотор дисперслэх ба эрэмбэлэх машиныг зохион бүтээх”-Батламж, 1 сая төг.

3) МехТС-ийн дэд профессор, доктор Д.Ганбат “Хүзүүний хиймэл диск суулгасны дараа дагалдан үүсэж буй илүүдэл хортой яс ургалтын процесст механик ачаалал нөлөөлөх нь: төгсгөлөг элементийн загварчлал, симуляцийн үр дүнгээс” –Батламж, 500 мянган төг.

4) МХТС-ийн дэд профессор, доктор Ш.Ганболд “EPON сүлжээн дэх энергийн үр ашигтай динамик зурвасын хуваарилалт” –Батламж, 500 мянган төгрөг

Шилдэг судалгааны бүтээлээрээ шалгарсан дээрх профессор багш нарт болон “Эрдмийн чуулган-2017–д ”оролцсон нийт профессор, багш нартаа ШУТИС-ийн захиргааны зөвлөл, эрдмийн хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын сургалт, судалгааны ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе. 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА