Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль 25 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь ШУТИС-ийн хөгжлийн бодлого, зорилго, зорилтыг хэрэгжүүлэн бүс нутагт их сургуулийн жишиг үйлчилгээг үзүүлж буй бүрэлдэхүүн сургуулийн нэг юм.

Анх 1991 онд “Машин үйлдвэрлэлийн технологи”, “Барилгын материал үйлдвэрлэлийн технологи”, “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи”болон "Барилгын материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн инженер" гэсэн 4 мэргэжлээр, 7 багш, 100 гаруй оюутантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол  өнөөдөр  манай сургууль бакалаврын 13 багц хөтөлбөрийн 23 мэргэжлээр, магистрын 13 мэргэжлээр, докторын 1 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж нийт 7200 бакалавр, 413 магистр зэрэгтэй инженер технологчдыг бэлтгэж улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж ирлээ.

 

 

Бид төрөлх сургуулийнхаа 20 жилийн ойгоор шинэ хичээлийн байрыг барих шавыг тавьж байсан бол өнөөдөр биелэлээ олж 25 жилийн ойн босгон дээр 1600 оюутны хичээлийн байрыг ашиглалтанд оруулж эрдмийн их өргөөний үүдээ нээлээ. 

Ойн хүрээнд манай хамт олон 25 бүтээлч ажлыг амжилттай хийж, хэрэгжүүлж чадлаа. Үүний зарим нэгээс танилцуулбал:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн гаднах дулаан болон хүйтэн усны шугамыг бүрэн засварлалаа.
  • Профессор багш, ажилтнууд санаачлага гарган өөрсдийн хөрөнгөөр сургуулийн орчноо зүлэгжүүлэх ажлыг эхлүүлж ногоон орчинг бүрдүүлэв.
  • Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх тал дээр гадаадын хөрөнгө оруулалтаар хичээлийн 2 лабораторийг байгуулав.
  • Эрдэм шинжилгээний 2 төслийг амжилттай хэрэгжүүлж эхэллээ.
  • Оюутны чөлөөт цагийг тав тухтай, зөв боловсон өнгөрүүлэх тал дээр 4 төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж эхэлсэн зэрэг амжилтуудыг дурьдаж болно.

Түүхт 25 жилийн ойн  баярын үеэр захирлаар ажиллаж байсан док, проф С.Цэвэлийг ШУТИС-ийн “Хүндэт п-рофессор” цолоор, док, проф Я.Зэнээмэдэр, док, проф Д.Лханаг нарыг ШУТИС-ийн “Эрдмийн зөвлөлийн шагнал”-аар, ШУТИС-ийн ДаТС-д үр бүтээлтэй ажилласан док, проф Ч.Дэндэвдорж, док, проф П.Эрдэнэбат нарыг  ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шагналаар, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш, ажилтан, ажилчдыг “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэг, БСШУСЯ-ны “Жуух бичиг”, “Найрамдлын Дархан” тэмдэг, Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Жуух бичиг”, Дархан сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагналаа.

 

 

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн баярын үйл ажиллагаанд уригдан ирж оролцсон ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хамт олон, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хамт олон, хамтран ажилладаг байгууллага аж ахуйн нэгжүүдэд болон үе үеийн төгсөгч нартаа талархал илэрхийлье.

Сургуулийн Захиргаа

Эрдмийн зөвлөл