Багш, ажилчид, оюутнууд байгалийн сайханд амарч, сувилуулах боломжтой боллоо

ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв багш, ажилчид, оюутнууддаа зориулж байгалийн сайханд амарч, сувилуулах боломжтой төвийн нээлтээ 2016 оны долоон сарын 9-ний өдөр хийлээ. Нээлтийн арга хэмжээнд ШУТИС-ийн проректор Д.Батчулуун, Ч.Баасандаш, Эрүүл мэндийн төвийн захирал Ц.Ононтуул болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

Манай сургууль нь багш, ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч Эрүүл мэндийн төвийг анх байгуулсан юм. Эрүүл мэндийн төв нь дотор, сэргээн засах, шүдний үзлэг, оношлогоо, эмчилгээ, зөвлөгөөний тусгай зөвшөөрлийг 2014 онд авч үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж байна.

Тус төв үйл ажиллагаагаа өргөтгөж ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, Ректорын 2015 оны 10 дугаар сарын 21-ний А/227 тоот тушаалыг үндэслэн багш, ажилчид оюутнууддаа зориулж амралт, сувиллын төвөө нээж байна. Агаарын бохирдол ихтэй, хүн амын нягтаршил их байгаа  одоо цагт цэвэр агаар бол эм юм. Мөн багш, ажилчид, оюутнуудын дунд хийгдсэн үзлэг, шинжилгээний дүнгээс харахад мэдрэлийн сульдаа /ядаргаа/, мэдрэлийн ёзоор дарагдал /суудлын өвчин/, амьсгалын системийн өвчлөл, зүрх судас, үе мөчний өвчлөл, хоол боловсруулах системийн өвчлөл, сөрөг стресс  зэрэг өвчлөлүүд өндөр гарч байгаа нь энэ төвийг ажиллуулах гол үндэс шалтгаан болжээ.

 

Эрүүл мэндийн төвийн амралт сувлалал нь хүзүү нурууны татлага, хаш чулуун ор, УВЧ, цахилгаан төөнүүр, парафин каскад, ягаан туяа, зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглоджээ. 

Тус сувилалыг байгуулахад дэмжиж ажилласан ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулиуд, хамт олондоо талархал илэрхийлье.

Бидний уриа: Эрүүл биед саруул ухаан оршино.

 ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв