MIT Global Startup Labs-Mongolia хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын БСШУЯ, АНУ-ын Массачусеттсын Технологийн Институт (МТИ)-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжиж буй “МТИ-Монгол улс санаачилга” төслийн хоёр дахь үйл ажиллагаа болох Global Startup Labs хөтөлбөр 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр эхэллээ.

Хөтөлбөрийн нээлтэнд МУИС-ийн захирал, доктор Р. Бат-Эрдэнэ, дэд захирал, доктор, профессор Б. Болдгив, ШУТИС-ийн дэд захирал, доктор Ч. Баасандаш, Мэдээллийн Технологийн Шинжлэх Ухааны Паркийн Инкубатор, Бизнес хөгжүүлэлтийн төвийн дарга П. Наранцэцэг нар оролцлоо.

 

Инновацилаг гарааны бизнесийг хөгжүүлэх чиглэлээр МТИ-ийн туршлагыг олон улсад түгээх зорилготой хэрэгжүүлдэг Global Startup Labs хөтөлбөрт МУИС, ШУТИС болон Монгол Улс дахь бусад их, дээд сургуулийн оюутан, залуу багш нар, гарааны бизнес эрхлэгч, мобайл технологи хөгжүүлэгч 40 гаруй залуу оролцож байна.

 

Уг хөтөлбөр Мэдээллийн Технологийн Шинжлэх Ухааны Паркийн байранд бүтэн 2 сар үргэлжлэх бөгөөд тус хугацаанд залууст мобайл технологийн гарааны бизнес үүсгэн байгуулах, амжилтанд хүргэх бүхий л арга зарчмуудыг МТИ-ийн туршлагыг ашиглан заах юм.