| 
Худалдан авахад бэлэн байгаа эсэхээс үл хамааран техникийн хөгжлийн дараагийн дэвшилтэт шат болсон гурван хэмжээст дүрслэл бүхий 3D зурагтууд худалдаанд гарч эхэллээ. Энэ талаар “Bloomberg News”-ийн сурвалжлагч Rich Jaroslavsky дараах тойм бичсэн байна. АНУ-ын цахилгаан хэрэгслийн дэлгүүрүүдэд “Samsung”, “Panasonic” компаниудын гурван хэмжээст зурагтууд худалдаанд гараад байна. Удалгүй хойноос нь “Sony”, “LG”, “Visio” нар хэдэн сарын дараа тус зах зээл дээр бүтээгдэхүүнүүдээ гаргах гэж байна. Хэдийгээр гурван хэмжээст дүрслэл бүхий “Avatar” кино дэлхийн кино театруудаас нэг тэрбум гаруй ам.долларын орлого цуглуулсан хэдий ч гурван хэмжээст зурагт гэрт үнэхээр байх хэрэгцээтэй зүйл үү эсвэл зүгээр нэг хэсэг анхаарал татаж байгаад удахгүй болих сүүлийн үеийн технологийн моод уу? Үүнийг тодруулахаар тэрээр Нью-Йорк хотын цахим барааны дэлгүүрүүдээрээ алдартай 9-дүгээр өргөн чөлөөний дэлгүүрүүд, “B&H”-ийн дэлгүүрээр орж үзжээ. Ингээд туршлагатай худалдагчдаас дараах зүйлсийг тодрууллаа. Гурван хэмжээст зурагт үзэхийн тулд нүдний шил зүүх шаардлагатай юу? Тийм. Гурван хэмжээст дүрслэл үзэхийг хүсэх бүрдээ шил зүүх шаардлагатай. Тэгэхгүй бол дүрслэл нь бүдэг, барзайсан мэт харагдах болно. Гэхдээ зөвхөн тухайн загварын зурагтанд зориулсан нүдний шил зүүх хэрэгтэй. Одоогийн байдлаар гурван хэмжээст зурагтууд дүрс цацах долгионы нэгдсэн нэг стандарттай болж амжаагүй байгаа тул нэг маркийн зурагтанд таарах шил өөр маркийн зурагтанд таарахгүй байгаа. Зурагт ямар хэмжээтэй байх хэрэгтэй вэ? Хоёр хэмжээст зурагтын өмнө ч гэсэн тулж суух тийм ч таатай биш. Ерөнхийдөө зурагтныхаа диагоналийн хэмжээнээс гурав дахин хол зайнаас үзвэл зүгээр байдаг. Тиймээс 50 инч хэмжээтэй зурагт үзэж байгаа бол 150 инч зайнаас буюу 3.6 метр зайнаас үзэх хэрэгтэй. Зурагтын яг өөдөөс харж үзэх хэрэгтэй юу? Одоогийн байдлаар гарсан гурван хэмжээст зурагтын дүрслэл яг өөдөөс харсан голын цэгээс 50 хэмийн дотор үзэлт сайтай байна. Хэрвээ энэ өнцгөөс хэт гадагшаа гарвал яг л өөр өнцгөөс ТВ-ийн алсын удирдлага сайн ажилладаггүй шиг стерео нүдний шил хангалттай дүрсний долгион хүлээн авахгүй. Зурагтын дэлгэц ямар байвал илүү зүгээр вэ? Илүү хөнгөхөн, үнэ багатай LCD буюу шингэн талст дэлгэцүүд гурван хэмжээст дүрслэлийг илүү сайн ялгаруулдаг бололтой. LCD дэлгэцүүдийн хувьд, ялангуяа гэрэл ялгаруулагч диод буюу LED бүхий дэлгэцийн хувьд дахин шинэчлэх хурд буюу “refresh rate”-ыг анхаарах хэрэгтэй. Дэлгэцэн дээрх дүрсний дүрслэл тод байхын тулд ядаж 240 herz үзүүлэлттэй зурагт авах хэрэгтэй. Юу үзэх вэ? Тухайн зурагтныхаа хоёр хэмжээст дүрслэл сайн үзүүлж байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Учир нь нэг хэсэгтээ л гурван хэмжээсээр үзэх зүйл тийм ч их биш байх болно. Гэхдээ удахгүй “Walt Disney Co” компанийн “ESPN” суваг гурван хэмжээсээр спортын нэвтрүүлэг, тэр дундаа удахгүй болох Хөл Бөмбөгийн дэлхийн аваргыг дамжуулах гэж бэлтгэж байна. “Discovery Communications Inc” компани “Sony Corp”, “Imax Corp” компаниудтай хамтран сувгаа гурван хэмжээсээр цацахаар бэлтгэж байна. Мөн үзэх зүйлийнхээ цар хүрээг өсгөхийн тулд гурван хэмжээст дүрслэлтэй видео тоглуулдаг, хөх туяат тоглуулагчид буюу “3D-Blue-ray” диск тоглуулагч авах хэрэгтэй. Нүдний шилнээс ялгаатай нь, тоглуулагчид нь өөр өөр төрлийн зурагтуудад таарах болно. Үнэ ямар байх вэ? Нилээн үнэтэй байх бололтой. Гэхдээ энэ үнэ нь Нью-Йоркийн “B&H” дэлгүүрийн үнэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Манай дэлгүүрүүд тавигдах үнэ үүнээс дээшээ, доошоо ямар ч байж магадгүй. “B&H” дэлгүүрт 55 инчийн “Samsung” зурагт хоёр ширхэг гурван хэмжээст нүдний шил, “DreamWorks Animation” студийн бүтээсэн “Monsters vs Aliens” хүүхэлдэйн киноны гурван хэмжээст дискний хамт 2,969 ам.долларын үнэтэй байна. Энэ нь тус дэлгүүрт байгаа энгийн хоёр хэмжээст 55 инчийн зурагтнаас хоёр дахин их үнэ юм. Хөх туяат тоглуулагч авах бол 250-400 ам.доллар зарцуулна. Нэмэлт стерео нүдний шил нэг ширхэг нь 150-200 ам.доллар байна. Мөн нэмэлт HDMI кабель авах хэрэгтэй болох бөгөөд кабель нь 1.3-аас дээш хурдтай буюу 1.4 байх хэрэгтэй. Толгой эргэх үү? Толгой эргэх, нүд эрээлжлэх гэх мэт сөрөг нөлөөлөл гарч магадгүй гэж “Samsung” анхааруулсан. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, өсвөр насныхан гурван хэмжээст зурагт үзэхдээ эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс илүү болгоомжлох хэрэгтэй. Ерөнхийд нь дүгнэвэл технологийн дэвшлийн тус салбар цаашид хэр сайн хөгжихийг хэсэг харгалзаж хүлээх нь илүү сайн шийдэл болох болно. Хоёрдугаарт өгөх зөвлөгөө бол: зурагт авсан дэлгүүр чинь зарсан бараагаа буцааж авах эсэхийг шалгаарай.
|