ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
ШУТИС-ИЙН ПРОФЕССОРЫН БАГ, ТЭНХИМД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ПРОФЕССОР, БАГШИЙН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ


Ректорын 2009 оны 198
тоот тушаалын хавсралт

ШУТИС-ИЙН ПРОФЕССОРЫН БАГ, ТЭНХИМД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ПРОФЕССОР, БАГШИЙН АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний үндсэн ажил төвлөрдөг зохион байгуулалтын үндсэн нэгж болох профессорын баг, тэнхимийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, тэдгээрийг шинээр зохион байгуулах, татан буулгах, профессор, багшийг тухайн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах, тэднийг тасралтгүй хөгжүүлэх, чадваржуулахтай холбогдсон харилцааг “Боловсролын тухай хууль”, ”Дээд боловсролын тухай хууль”, ”ШУТИС-ийн дүрэм”, сургуулийн ”Хөдөлмөрийн дотоод журам”-ын заалтуудад нийцүүлэн зохицуулахад энэхүү журмыг мөрдлөгө болгоно.
1.2. Сургуулийн захиргаа зохион байгуулалтын тухайн нэгжийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын онцлогт тохирсон оновчтой хэлбэрийг сонгон бүтцийн өөрчлөлт хийх, профессор, багш бүрийн албан тушаалын орон тоонд тавигдах шаардлагын биелэлтийг тогтмол хянаж, үнэлгээ дүгнэлт өгөх, ажлын үр дүнгээр албан тушаалын зэрэглэл, шатлалд өөрчлөлт оруулах, албан тушаалын орон тоог жил бүр шинэчлэн тогтоох замаар багш нарыг чадваржуулах, хөгжүүлэх ажлыг тус тус зохион байгуулна.
1.3. Профессор, багш нар өөрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж ажиллахын зэрэгцээ өөрийн ажил, үүргийн биелэлтэнд өөрийн үнэлгээ хийж, албан тушаалын зэрэглэл, шатлал ахих саналаа удирдлагад тавьж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрх эдэлнэ.
 
Хоёр. Их сургуулийн зохион байгуулалтын үндсэн
нэгжид тавигдах шаардлага
2.1. Профессорын баг/цаашид баг гэх/ нь тухайн мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа, түүний чанар, түвшинг их сургуулийн хүрээнд болон нийгмийн өмнө хариуцан ажиллах, бүтээлч сэтгэлгээ, шинэ санааг хөгжүүлэх, зохион бүтээх авьяас чадварыг дэмжин нийгэмд үйлчлэх үүрэг бүхий их сургуулийн зохион байгуулалтын үндсэн нэгжийн нэг юм. 
2.2. Багийг тухайн салбар ухааны эрдэм шинжилгээ, сургалтын ажлыг хослуулан шаардлагатай түвшинд авч явах, хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх, сургалт, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх, гадаадын эрдэмтэн, профессоруудтай холбоо тогтоож хамтран ажиллах, эрдэм шинжилгээний төсөл гүйцэтгэх арвин туршлагатай, онол, практик, техник технологийн ололт амжилтыг соргогоор мэдэрч, хэрэгжүүлэн ажиллах чадвар, дадал бүхий тэргүүлэх профессор удирдана.
2.3. Баг нь ШУТИС-ийн дүрмийн 6.5-р зүйлд заасан профессорын багт хамаарах албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд профессор нэг, дэд профессор хоёроос илүүгүй албан тушаалын орон тоотой байна. Багт харьяалагдах мэргэжлийн тоо тухайн багийн тэргүүлэх профессор, профессор, дэд профессорын орон тооноос олон тохиолдолд дэд профессорын албан тушаалын орон тоог нэмэгдүүлж болно.
2.4. Тэнхим нь тухайн  мэргэжлийн болон тодорхой суурь шинжлэх ухааны чиглэлээр сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, нийгэмд үйлчлэх үндсэн үүрэг бүхий их сургуулийн зохион байгуулалтын үндсэн нэгжийн нэг хэлбэр болно.
2.5. Тэнхимийг тухайн мэргэжлийн чиглэлээр магистр болон докторын зэрэг хамгаалсан, сургах, хүмүүжүүлэх арга зүй, онол, практикийн гүнзгий мэдлэг, арвин туршлагатай, багшийн нөөцийн бодлого, сургалтын материаллаг баазыг хөгжүүлэх, багаар ажиллах чадвартай тэнхимийн эрхлэгч удирдана.
2.6. Тэнхим нь тэнхимийн эрхлэгч, ахлах багш, багш, дадлагажигч багш нартай байх ба лаборатори, кабинетийн эрхлэгч, арга зүйч, сургалтын инженер, мастер, сургалтын болон хичээлийн туслах ажилтан зэрэг шаардлага бүхий орон тооны бүрэлдэхүүнтэй байж болно.

Гурав. Их сургуулийн профессор, багшийн албан
тушаалд ажиллуулах журам

3.1. ШУТИС-ийн профессор, багшийн албан тушаал нь:
• тэргүүлэх профессор
• профессор
• дэд профессор
• ахлах багш
• багш
• дадлагагжигч багш гэсэн ангилалтай байна.
3.2. ШУТИС-ийн профессор, багш нь заах хичээлийн чиглэлээр суурь дээд боловсрол эзэмшсэн, магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна.

3.3. Тэргүүлэх профессор
3.3.1. ШУТИС-ийн тэргүүлэх профессорын албан тушаалд энэ журмын 4.3-р зүйлд заасан болзол ханган сонгон шалгаруулалтанд тэнцэж, томилогдсон эрдэмтэн ажиллана.
3.3.2. Мэргэжлийн чиглэлийн профессор дутагдалтай багт дэд профессор цолгүй боловч тэргүүлэх профессорын сонгон шалгаруулалтанд тэнцсэн дараах мэргэжилтнийг 1 жилийн хугацаагаар тэргүүлэх профессорын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулж болох бөгөөд жилийн дараа ажлын тайланг захиргааны зөвлөгөөнөөр хэлэлцэн дүгнэлт өгч тэргүүлэх профессороор томилох эсэхийг шийдвэрлэнэ. Үүнд:
3.3.2.1. докторын зэрэгтэй, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажиллаж, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай болсон эрдэмтэн;
3.3.2.2. гадаадын нэр хүндтэй сургуульд докторын зэрэг хамгаалсан, олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн хэвлэлд бүтээл нь нийтлэгдэж, гадаадын эрдэмтэдтэй хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэн сургуулийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чадвартай нь нотлогдсон залуу эрдэмтэн.
 
3.4. Профессор
3.4.1. Доктор(Ph.D)-оос доошгүй зэрэгтэй, профессор цолтой эрдэмтнийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөлийн саналыг үндэслэн профессорын албан тушаалд томилон ажиллуулна.
3.4.2. Мэргэжилтэн бэлтгэдэг тэнхимийн дэд профессороос доошгүй цолтой тэнхимийн эрхлэгчийг захирлын зөвлөл болон тэнхимийн хамт олны саналыг үндэслэн профессорын албан тушаалд томилон ажиллуулж болно.
3.5. Дэд профессор
3.5.1. Доктор(Ph.D)-оос доошгүй зэрэгтэй, дэд профессор цолтой эрдэмтнийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөлийн саналыг үндэслэн дэд профессорын албан тушаалд томилон ажиллуулна.
3.5.2. Тэнхимийн эрхлэгчийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөл болон тэнхимийн хамт олны саналыг тус тус үндэслэн дэд профессорын албан тушаалд томилон ажиллуулна.
3.5.3. “ШУТИС-ийн Хүндэт профессор” цол хүртсэн багшийг дэд профессорын албан тушаалд ажиллуулж болно.
3.5.4. Докторын зэрэг хамгаалаад ШУТИС-д 2-оос доошгүй жил амжилттай ажилласан залуу эрдэмтнийг дэд профессорын албан тушаалд томилон ажиллуулж болно.
3.5.5. Эрдэм шинжилгээний байгууллага, төрийн өмчийн их, дээд сургуульд 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, докторын зэрэгтэй эрдэмтнийг дэд профессорын албан тушаалд томилон ажиллуулж болно.

3.6. Ахлах багш
3.6.1. Их сургуулийн багшийн албан тушаалд 5-аас доошгүй жил үр бүтээлтэй         ажилласан, цаашид амжилттай ажиллах чадвартай багшийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөлийн саналыг үндэслэн ахлах багшийн албан тушаалд томилон ажиллуулна.
3.6.2. Энэ журмын 4.2-р зүйлд дурдсан сонгон шалгаруулалтанд тэнцсэн, доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалан багшлах ажилд шинээр орж байгаа залуу эрдэмтэн болон төрийн өмчийн бусад их, дээд сургууль, коллежид ахлах багшаас доошгүй албан тушаалд ажиллаж байсан багшийг ахлах багшийн албан тушаалд тус тус ажиллуулж болно.

3.7. Багш
3.7.1. Ажилласан хугацаандаа үүргээ амжилттай биелүүлсэн дадлагажигч багшийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөлийн саналыг үндэслэн багшийн албан тушаалд дэвшүүлэн ажиллуулна.
3.7.2. Энэ журмын 4.2-р зүйлд дурдсан сонгон шалгаруулалтанд тэнцсэн, үндсэн мэргэжлийн дагуу эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэл, төрийн өмчийн болон нэр, хvндтэй бусад их, дээд сургууль, коллежид 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан болон зөвлөх инженер зэрэгтэй мэргэжилтнүүдийг бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөлийн саналыг үндэслэн багшийн албан тушаалд томилон ажиллуулж болно.

3.8. Дадлагажигч багш
Энэ журмын 4.2-р зүйлд дурдсан сонгон шалгаруулалтанд амжилттай дүн үзүүлсэн мэргэжилтнийг дадлагажигч багшийн албан тушаалд 1 жилээс доошгүй хугацаагаар томилон ажиллуулна.

Дөрөв. Профессор, багшийн сонгон шалгаруулалт

4.1. ШУТИС-д багш шинээр авах болон тэргүүлэх профессорын албан тушаалд ажиллуулах сонгон шалгаруулалтыг тус тус нээлттэй явуулах бөгөөд сонгон шалгаруулалт явуулахаас 1 сарын өмнө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сургуулийн мэдээллийн сүлжээгээр олон нийтэд ил тод зарлана.
4.2. Багш шинээр авах асуудлыг Сургалтын проректороор ахлуулсан “Багш сонгон шалгаруулах ажлын хэсэг” хичээлийн жилийн улирал бүрийн төгсгөлд их сургуулийн хэмжээнд нэгдсэн журмаар, сонгон шалгаруулалт зохион байгуулж шийдвэрлэнэ. Улирлын дундуур багш шинээр авах зайлшгүй шаардлага гарвал зөвхөн Ректорын зөвшөөрлөөр энэхүү журамд заасны дагуу шийдвэрлэж байна.
4.2.1 Шинээр авах багшийн хэрэгцээг тухайн нэгжийн орон тоо, авах шаардлагатай багшийн мэргэжил, заах хичээл, судалгаа шинжилгээний ажлын чиглэл, сургалтын цагийн ачаалал/3-аас доошгүй жил тогтвортой ачаалалтай байх/ зэрэг үзүүлэлтээр баг, тэнхим хариуцан гаргаж, бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөлөөр хэлэлцүүлсэн саналаа Сургалтын бодлого зохицуулалтын газар/СБЗГ/-аар хянуулан тогтоосон хугацаанд Ректорын ажлын албанд ирүүлнэ.
4.2.2. Багш шинээр авах сонгон шалгаруулалтанд дипломын голч дүн бакалаврын зэрэгт 2.8-аас, магистрийн  зэрэгт 3.0-аас тус тус доошгүй үнэлгээ бүхий магистр, докторын зэрэгтэй хүмүүс холбогдох материалыг бүрдүүлэн бүртгүүлнэ.
Шалгалтын үнэлгээний өөр системтэй сургууль төгссөн бол СБЗГ-аар ШУТИС-ийн үнэлгээнд дүйцүүлэн тооцуулсан байна.
4.2.3. “Багш сонгон шалгаруулах ажлын хэсэг” сонгон шалгаруулалтанд орж буй бүх хүнтэй ярилцлага хийж, ярилцлагад тэнцсэн хүмүүсээс дараах чиглэлээр шалгалт авна.
• Мэргэжлийн бэлтгэл, ур чадвар
• Гадаад хэлний мэдлэг/англи, орос хэлний аль нэгийг сонголтоор/
• Компьютер ашиглах  чадвар
4.2.4. Мэргэжлийн шалгалтанд ”В”-гээс доошгүй үнэлгээ авсан хүн дараагийн хоёр шалгалт өгөх эрхтэй бөгөөд эдгээр шалгалт тус бүрд авбал зохих онооны 70%-иас доошгүй үнэлгээ авч тэнцэнэ.
4.2.5. Докторын зэрэгтэй хүнийг шалгалтуудаас чөлөөлөх бөгөөд ярилцлагаас тохирох үнэлгээ авсан тохиолдолд тэнцсэнд тооцно.
4.2.6. Энэ журмын 4.2.4, 4.2.5-р зүйлүүдэд заасан болзол хангасан үнэлгээ нэг жил хүчинтэй байна.
4.2.7. Зохих үнэлгээ авч тэнцсэн хүмүүсийг ШУТИС-ийн профессор, багшийн ямар албан тушаалд ажиллуулах тухай бүрэлдэхүүн сургуулийн саналыг Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрийг үндэслэн Ректорын тушаалаар албан тушаалд томилно. Ректорын зөвлөлийн энэ хуралд багш шинээр авах багийн тэргүүлэх профессор, тэнхимийн эрхлэгчийг биечлэн оролцуулна.
4.2.8. Профессор, багшийн албан тушаалд шинээр томилогдсон багшийн мэргэжлийн бус хүмүүс томилогдсоноос хойш 2 жилийн дотор их, дээд сургуульд “Багшлах эрх” авсан байна. 
 4.3. Тэргүүлэх профессорын албан тушаалд мэргэжлийн чиглэлээр тухайн салбартаа нэр хүндтэй, шинийг санаачилж хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлж чадах, багаар ажиллах чадвартай, доктор(Ph.D), дэд профессороос доошгүй зэрэг, цолтой эрдэмтдээс мөрийн хөтөлбөр гаргуулан нэр дэвшүүлж сонгон шалгаруулалт явуулна.
4.3.1. Тэргүүлэх профессорын сонгон шалгаруулалтыг дор дурдсан тохиолдолд явуулна. Үүнд:
4.3.1.1. Бүрэлдэхүүн сургуульд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, их сургуулийн эрдмийн зөвлөлөөр шинэчлэн батлагдсан;
4.3.1.2. Баг нь рейтенгийн үнэлгээгээр хангалтгүй үнэлгээ авсан;
4.3.1.3. Тэргүүлэх профессорын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, өндөр насны тэтгэвэрт гарсан;
4.3.1.4. Тэргүүлэх профессор өөр ажилд томилогдсон, өвчний улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн магадлагаа гарсан, ажлаас чөлөөлөгдөх хувийн өргөдөл гаргасан, нас барсан.
4.3.2. Тэргүүлэх профессорын сонгон шалгаруулалтыг Ректорын тушаалаар томилогдсон, холбогдох проректор, газрын дарга, бүрэлдэхүүн сургуулийн захирал, сургуулийн профессор, багш нарын төлөөлөл оролцсон 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс зохион байгуулна.
4.3.3. Тэргүүлэх профессорын сонгон шалгаруулалтанд орж байгаа хүн тухайн профессорын багийг хөгжүүлэх өөрийн мөрийн хөтөлбөрийг хамт олонд танилцуулж, тэдний саналыг авч холбогдох материал/өргөдөл, анкет/-ын хамт комисст ирүүлж хамгаална.
4.3.4. Комисс тэргүүлэх профессорын сонгон шалгаруулалтанд орсон эрдэмтдээс нэг хүнийг шалгаруулж, Ректорт өргөн мэдүүлэх бөгөөд Ректор зөвшөөрсөн тохиолдолд ШУТИС-ийн захиргааны зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн Ректорын тушаалаар тухайн албан тушаалд томилно.
4.3.5. Тэргүүлэх профессорын ажиллах хугацааг гэрээгээр зохицуулна.

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.90

Онлайнд 15 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +