| Ректорын 2009 оны 4 сарын 3-ны өдрийн 109 тоот тушаалын 2-р хавсралт ГАДААДЫН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДӨД ҮЙЛЧЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авч үйлчлэх үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2. Бусад байгууллагын урилгаар ирсэн гадаадын зочид төлөөлөгчид ШУТИС-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцах үед энэхүү журмын 2.5, 5.1, 5.5, 6.2, 6.4, 6.5-р заалтуудыг мөрдөнө.
Хоёр. Зочид төлөөлөгчдийг угтаж авах бэлтгэл ажлуудыг хангах
2.1. Зочид төлөөлөгчдийг ирэхээс өмнө өөрсдтэй нь буюу тухайн гадаадын сургууль, байгууллагын гадаад харилцааны албатай нь холбоо тогтоож Монголд ирэх аялалын дугаар, ирэх цагийг нь тодруулсан байна.
2.2. Зочдыг ирэхээс өмнө байрлуулах зочид буудлыг товлож, тухайн зочид буудлын өрөөнүүдийн зэрэглэл, үнэ ханшийг зочдод танилцуулж саналыг нь авсны үндсэн дээр захиалга хийнэ.
2.3. Зочдын айлчлалын хөтөлбөрийг зохиож Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Проректороор батлуулсан байх бөгөөд хөтөлбөрт зочинд үйлчлэх ажилтан, орчуулагч, хөтчийн нэр зэргийг заасан байна.
2.4. Зочдод үйлчлэх тээврийн хэрэгслийг Эдийн Засаг нийгмийн хөгжлийн проректор сонгож, үйлчлэх хөтөлбөр маршрутыг жолоочид гаргаж өгнө.
2.5. Зочдод үйлчлэхэд шаардагдах зардлын төсвийг боловсруулж ШУТИС-ийн Санхүү эдийн засгийн газрын даргаар хянуулан, Эдийн засаг нийгмийн хөгжлийн Проректороор батлуулна. Төсөвт хүлээн авалт, хүндэтгэлийн зоог, бэлэг дурсгал, үзвэр соёлын арга хэмжээ, хөдөө орон нутаг, байгаль орчинтой танилцуулах зардал багтана. Зочдын Монголд байх зардлыг ШУТИС даах тохиолдолд зочид буудлын өрөөний үнэ, өдрийн хоолны үнэ зэргийг тухайн үеийн зах зээлийн жишгээр тооцож төсөвт нэмж тусгана. Шаардлагатай гэж үзвэл орос, англиас бусад хэлний орчуулагчийн хөлсийг тухайн үеийн зах зээлийн жишгээр тооцон төсөвт тусгана. Төсөв нь Хавсралт 1-д тусгасан зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.
2.6. Салбар болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, профессоруудын урилгаар ирсэн зочдод үйлчлэхэд гарах зардлын хэмжээг айлчлалын ач холбогдлоос хамааруулан Гадаад харилцаа хамтын ажиллагааны проректор хянаж батлана.
Гурав. Зочид төлөөлөгчдийг угтан авах , зочид буудалд байрлуулах
Зочид төлөөлөгчдийг хэн угтан авах нь тухайн зочдын зэрэг дэв, эрэмбээс хамаарна. Үүнд: 3.1 Хамтран ажилладаг, хамтран ажиллахаар төлөвлөж буй сургуулийн ректор айлчлан ирэх үед ШУТИС-ийн аль нэг проректор, Олон Улсын Хамтын Ажиллагааны алба (ОУХАА)- ны хоёр ажилтны хамт угтаж авна.
3.2. Хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн шугамаар ирэх зочид төлөөлөгчдийг ОУХАA-ны ажилтан угтаж авна.
3.3. Хамтран гүйцэтгэж буй эрдэм шинжилгээний ажлын шугамаар туршилт судалгааны ажил гүйцэтгэхээр ирж буй судлаачдыг хамтран ажилладаг сургууль, профессорын баг, тэнхимийн удирдлагууд угтан авна.
3.4. Сургуулийн захирал, профессоруудын урилгаар ирж буй зочдыг урьсан захирал, профессорууд өөрсдөө угтаж авна.
3.5. Зочдыг зочид буудалд нь хүргэж өгөөд айлчлалын талаар товч танилцуулж, хөтөлбөрийг нь зочдод гардуулж өгнө.
3.6. Буудалд захиалсан өрөө зочдод таалагдаагүй тохиолдолд сайжруулж сольж өгөх асуудлыг зочинд үйлчилж буй ажилтан хариуцна.
Дөрөв. Зочдын аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээнүүд
4.1. Зочдод үйлчлэх үед Гадаад харилцаа хамтын ажиллагааны проректороор батлуулсан айлчлалын хөтөлбөрийг нарийн чанд мөрдөж ажиллана.
4.2. Зочдод үйлчлэх тээврийн хэрэгсэл нь тухайн жилийн техникийн улсын үзлэгээр орж баталгаажсан байхаас гадна тухайн үеийн техникийн бүрэн бүтэн байдлыг дүүргийн ЗЦТ-аар шалгуулж давхар баталгаажуулсан байх ёстой. Жолоочийг сонгохдоо дадлага туршлага, ур чадвар, харилцааны болон үйлчилгээний соёл зэргийг харгалзан сонгоно.
4.3. Зочид, төлөөлөгчдөд үйлчилж буй тээврийн хэрэгсэлийн жолоочид хурд тохируулж явах, зорчигчдын аюулгүй байдлыг хангах нь түүний үүрэг болохыг анхааруулсан бичгийг өгөх ба гаднаас унаа хөлслөх үед жолоочтой гэрээ хийнэ.
4.4. Зочдыг тосч авсны дараа зочид буудалд байрлуулах үед паспорт, мөнгө болон бусад үнэт зүйлсийг зочид буудлын баталгаат хадгаламжинд хадгалуулахыг сануулна. Зочдын паспорт, буцах тийзийг хувилан авч хадгална.
Тав. Зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзах, сургуультай танилцуулах
5.1. Шууд хамтран ажиллаж буй болон хамтран ажиллах гэрээ байгуулах зорилгоор ирсэн сургуулийн ректор, ректорын бие төлөөлөгч, бусад байгууллагын шугамаар ирээд ШУТИС-ийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн зочдыг Ректор хүлээн авч уулзана. Уулзалтанд проректорууд болон сургуулийн захирлуудаас оролцож болохоос гадна ОУХАА-ны ажилтан дагалдан орж уулзалтын тэмдэглэл хөтлөх, мөн хэвлэл мэдээллийн ажилтан дурсгалын зураг авч, товч мэдээ авна. Ректорын хүлээн авалтын өрөө буюу хурлын өрөөнд уулзалт хийх үеэр зочид төлөөлөгчдөд ректорын ажлын албаны цай зөөгч цай, кофе зэргээр үйлчилнэ.
5.2. Дээр дурьдсан чиглэлээр ирсэн зочид төлөөлөгчдийг Ректор өөрөө буюу аль нэг проректор сургуулийнхаа анги танхим, лаборатори, музей, номын сантай танилцуулах ба энэ үед зочинд үйлчилж буй багш ажилтан, ОУХАА-ны ажилтан нар хамт явна.
5.3. Сургуулийн захирал, профессоруудын урилгаар ирсэн зочдыг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу эсвэл зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ШУТИС-ийн ректортой уулзуулна.
5.4. Хамтран хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний төслийн шугамаар ирсэн зочид ажлын тодорхой үр дүн гарсан, шинэ чиглэлээр судалгааны ажил эрхлэхээр төлөвлөсөн тохиолдолд ШУТИС-ийн Ректортой уулзаж ажлын явц, төлөвлөгөөгөө танилцуулна.
5.5. Зочдыг Ректор хүлээн авч уулзах, хоёр сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зурах үед фото зураг авах, видео бичлэг хийх зэргээр баримтжуулан сургуулийн архивт хадгална.
Зургаа. Зочид төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барих, бэлэг дурсгалын зүйл гардуулах
6.1. ШУТИС-ийн Ректор шууд хамтран ажиллаж буй болон хамтран ажиллах гэрээ байгуулах зорилгоор ирсэн сургуулийн ректор, ректорын бие төлөөлөгчийг хүлээн авч хүндэтгэн угталтын болон үдэлтийн зоог тус тус барина.
6.2. Дээрхи чиглэлээр ирсэн зочид төлөөлөгчдөд ШУТИС-ийн Ректор бэлэг дурсгалын зүйлс гардуулна. Бэлэг нь соёлын чанартай зүйл байх бөгөөд Монгол улсын хууль тогтоомжоор хориглосон түүх, дурсгалын үнэт эдлэл, байгалийн үнэт эрдэс баялгийн зэрэг зүйл байж болохгүй.
6.3. Зочид төлөөлөгчдөд айлчилсан сургууль бүр давхардуулан бэлэг өгөх шаардлагагүй, харин өөрийн сургуулийн танилцуулга, зурагт хуудас, энгэрийн тэмдгийг дурсгаж болно. Бэлгийг урьсан сургууль, төв хариуцна.
6.4. Гадаадын зочдоос ШУТИС-д бэлэглэсэн зүйлс нь бэлэг дурсгалын шинж чанартай зүйлс байвал бүртгэж ил байрлуулах ба сургалтын тоног төхөөрөмж, компьютер зэрэг зүйл байвал бүртгэж тухайн сургуулийн орлогод авна.
6.5. Сургууль, профессоруудын урилгаар ирсэн зочид төлөөлөгчдөд урьсан сургууль, хувь хүн угталтын ба үдэлтийн зоог барих шаардлагатай гэж үзвэл ШУТИС-ийн Ректорыг зоогт урьж болно.
6.6. Бусад байгууллагын шугамаар ирсэн гадаадын зочид ШУТИС-д зочилж үйл ажиллагаатай нь танилцах үед Ректор хүндэтгэлийн зоог барьж бэлэг дурсгалын зүйл гардуулж болно.
Долоо. Зочид төлөөлөгчдийг Монгол орны байгаль орчин, түүх соёлын дурсгалт зүйлстэй танилцуулах
7.1. Зочид төлөөлөгчдийн саналыг үндэслэн Монгол оронд үзэж танилцах зүйлсийг нь сонгоно.
7.2. Хөдөө орон нутаг, байгаль орчинтой танилцуулах үед тээврийн хэрэгсэл, зочдын аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой.
7.3. Зочид төлөөлөгчид хөдөө орон нутаг, байгаль орчинтой танилцах, орон нутагт явж судалгаа шинжилгээний дээж бэлтгэх үед аялалын маршрут, цагийн хуваарийг нарийвчлан гаргаж зочны айлчлалын хөтөлбөрт нь хавсаргана. Хөтөлбөр, маршрут зөрчөснөөс үүдэн ямар нэгэн осол, эндэгдэл гарсан тохиолдолд өөрчлөлт оруулсан албан тушаалтан хариуцлага хүлээнэ.
Найм. Зочид төлөөлөгчдийг үдэн гаргаж өгөх
8.1. Зочид төлөөлөгчдийг угтаж авсан албан тушаалтан юмуу эсвэл түүнтэй адил түвшний албан тушаалтан үдэн гаргаж өгнө.
8.2. Үдэн гаргаж өгч буй хүмүүс зочид төлөөлөгчид онгоцоор буцаж байгаа тохиолдолд тэднийг хилийн шалган нэвтрүүлэх пост өнгөрч ямар нэгэн асуудалгүйгээр улсын хил давсны дараа нисэх буудлаас явна.
Хавсралт 1
ШУТИС-д гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авах үед зарцуулах зардлын дээд хэмжээ
/2009 он/
Тайлбар:
1. Зочинд үйлчлэх унааны зориулалтаар жолооны В ангилалаас дээш суудал бүхий тээврийн хэрэгсэл түрээслэх бол тухайн үеийн зах зээлийн ханшийн жишиг үнээр тооцно. 2. Гадны зочны унааг захиргаанаас зохицуулах ба өдөрт хот дотор 50 км, хотоос гадагш одоо мөрдөгдөж байгаа км-ээр шатахууныг тооцолон олгоно. 3. Гадаадад томилолтоор явж буй хүмүүс авч явах бэлэг болон гадны зочдод бэлэг дурсгалын зүйл өгөхдөө Монголын болон ШУТИС-ийн брэндийг агуулсан бэлэг дурсгалын зүйлсийг нэгдсэн журмаар авч хэрэглэнэ. 4. Гадаадын зочдоос сургуульд өгч буй бэлэглэлийн 50.0 мянган төгрөгөөс дээш үнэтэй зүйлийг сургуулийн зохих хөрөнгийн дансанд бүртгэн авч, эд хариуцагч нарт картлан хариуцуулж өгнө.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||



