ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Онолын суурь судалгааг гvйцэтгэх журам 2000

Онолын суурь судалгааг гvйцэтгэх журам 2000 №93

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН
ТУШААЛ

2000 оны 11 дүгээр сарын 15 Дугаар 93 Улаанбаатар хот


Журам батлах тухай



Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.4, Засгийн газрын 1998 оны 14 дүгээр тогтоолоор баталж, 1999 оны 179 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын 271 дүгээр заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1."Онолын суурь судалгааны ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, түүнийг зохицуулж ажиллахыг Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого, зохицуулалтын газар (М.Баасанжав)-т даалгасугай.

3.Суурь судалгааны сэдэвт ажлын санхүүжүүлэлт, явц, үр дүнгийн тухай нэгдсэн мэдээллийг Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого, зохицуулалтын газарт жил бүрийн 10 дугаар сард ирүүлж байхыг Шинжлэх ухаан, технологийн сан (Ч.Цовоохүү)-д үүрэг болгосугай.


САЙД А.ЦАНЖИД









Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2000 оны 93 дугаар тушаалын хавсралт



ОНОЛЫН СУУРЬ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ,

САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1.Монгол Улсад онолын суурь судалгаа (цаашид “суурь судалгаа” гэх)-ны ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2.Суурь судалгааны ажлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлага, хяналтын дор гүйцэтгэж, санхүүжүүлнэ.

1.3.Суурь судалгааны ажил дараах зорилгыг агуулна:

а.үзэгдэл, юмсын зүй тогтол буюу жам ёсыг илрүүлж тогтоох, шинэ онол, мэдлэгийг бий болгох;

б.тухайн шинжлэх ухааны болон судлагдахууны онолын өмнө тулгарч байгаа зарчмын шинж чанартай асуудлуудыг гүнзгийрүүлэн судалж, мэдлэгийн хүрсэн түвшинг ахиулах, улмаар нээлт гаргах магадлал бүхий байх.


Хоёр.Суурь судалгааны ажлыг гүйцэтгэх


2.1.ШУА-ийн харъяа хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Техникийн их сургууль, Анагаах ухааны их сургууль, Улсын багшийн их сургууль, тэдгээрийн харъяа хүрээлэн суурь судалгааны сэдэвт ажлын толгойлон гүйцэтгэгч байж болно.

2.2.Суурь судалгааны сэдэвт ажлыг толгойлж гүйцэтгэх байгууллага (цаашид "гүйцэтгэгч" гэх) нь бусад эрдэм шинжилгээний байгуууллага, их сургуулиудаас онол, арга зүйн бэлтгэл сайтай эрдэмтэд, судлаачдыг тухайн сэдэвт ажилд тохиролцон оролцуулах замаар эрдэмтдийн хамтлаг байгуулан ажиллаж болно.

2.3.Суурь судалгааны ажил гүйцэтгэхэд дараах зарчим баримтална:

а.суурь судалгааны ажлын сэдэв нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл болон энэ журмын 1.3-д заасан зорилгод тус тус нийцсэн байх;

б.өөрийн болон гадаадын орнуудад урьд өмнө нь хийгдсэн буюу одоо хийгдэж буй ажлуудтай давхардуулахгүйн тулд тухайн сэдэвт ажлын чиглэлээр гадаад, дотоодын мэдээлэл хуримтлуулсан байх;

в.суурь судалгааны хүрээнд хуримтлагдсан үндэсний оюуны чадавхийг хадгалах, баяжуулах, өвлүүлэн уламжлуулах зорилгоор эрдэмтэд, судлаачдын залуу халааг төлөвшүүлэх.

2.4.Шинээр эхэлж гүйцэтгэх суурь судалгааны сэдэвт ажлыг нэгдүгээр хавсралтад үзүүлсэн үлгэрчилсэн загварын дагуу гүйцэтгэгч тодорхойлж, шинжлэх ухааны ач холбогдол, онол, арга зүйн хувьд холбогдох эрдмийн зөвлөл, түүнтэй адилтгах байгууллагын дүгнэлт гаргуулсан байна.

2.5.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоож буй жилийн төсвийн хязгаар (лимит)-т нийцүүлэн гүйцэтгэгч дараа оны сэдэвт ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтад үзүүлсэн загварын дагуу үйлдэж тухайн оны 11 дүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлнэ.

2.6.Энэ журмын 2.4-т заасан дүгнэлтийг үндэслэн онолын суурь судалгааны сэдэвт ажлын жагсаалтыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайд батална.


Гурав. Суурь судалгааны ажлыг санхүүжүүлэх


3.1.Онолын суурь судалгааны сэдэвт ажлын жагсаалтыг баталсан өдрөөс эхлэн тухайн сэдэвт ажлыг санхүүжүүлэх эрх нээгдэнэ.

3.2.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.4-д заасны дагуу суурь судалгааны ажлыг "байгууллагыг санхүүжүүлэх, грант олгох хэлбэрээр" санхүүжүүлнэ. Энэхүү зардлыг Шинжлэх ухаан, технологийн сан (цаашид "Сан" гэх)-гийн хөрөнгөнөөс гаргаж мөн хуулийн 3.1.4-д заасны дагуу гүйцэтгэгчид "буцалтгүй, эргэн төлүүлэхгүйгээр" олгоно.

3.3.Дараа онд явуулах суурь судалгааны ажлын төсвийн зардлыг Сан тооцоолох, санхүүжүүлэхдээ дор дурдсан зарчим баримтална:

а.Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөс тогтоосон суурь судалгааны зориулалттай төсвийн зардлын хувь, харьцаанд үндэслэж жил жилийн нийт төсвийн хэмжээг тооцох;

б.суурь судалгааны ажлын төсвийн зардлыг байгууллагаар тооцохдоо тэдгээрийн нийлбэр дүнг энэ журмын 3.3-ын "а"-д заасан төсөвт багтаан тухайн байгууллагын өмнөх оны суурь судалгааны зардлын хэмжээ, хувийн жин, түүнчлэн ажлын явц байдал, цаашдын чиг хандлагын талаар энэ журмын 2.4-т дурдсан байгууллагын саналыг тус тус харгалзаж үзэх;

в.эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гүйцэтгэх суурь судалгааны ажлыг санхүүжүүлэхдээ эрдэм шинжилгээний ажлын шууд болон тогтмол зардлыг олгох;

г.их сургуулиас гүйцэтгэх суурь судалгааны ажлыг санхүүжүүлэхдээ зөвхөн эрдэм шинжилгээний ажлын шууд зардлыг тооцож олгох.

3.4.Байгууллагуудын ирэх жилийн төсвийн зардлын тооцоог Сан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдад урьдчилан танилцуулж зөвшилцсөний үндсэн дээр зардлын тоймыг нь тухайн оны 9 дүгээр сарын 30-ны дотор гүйцэтгэгчид мэдэгдэх бөгөөд дараа онд гүйцэтгэх сэдэвт ажлынхаа тоо хэмжээг үүнд уялдуулсан байвал зохино.

3.5.Гүйцэтгэгч ажлаа энэ журмын 4.5-д заасны дагуу тайлагнаагүй, ажлын явц байдал, үр дүн нь шаардлага хангахааргүй байвал шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын шийдвэрээр суурь судалгааны ажлын санхүүжилтийг зогсооно.


Дөрөв. Суурь судалгааны ажлыг хянах, мэдээлэх, тайлагнах


4.1.Суурь судалгааны ажилд дараах чиглэлээр хяналт тавина:

а.судалгаа шинжилгээний ажлын онол, арга зүй;

б.сэдэвт ажлын хүрээнд явуулж буй санхүүгийн үйл ажиллагаа.

4.2.Онол, арга зүйн хяналтыг энэ журмын 2.4-т дурдсан байгууллага, санхүүгийн хяналтыг Сан болон санхүүгийн эрх бүхий бусад байгууллага тус тус хэрэгжүүлнэ.

4.3.Хяналт тавих эрх бүхий байгууллага хяналт шалгалтын үйл ажиллагааг дангаараа буюу хамтран явуулж болно.

4.4.Суурь судалгааны ажлын явц, байдлыг дор дурьдсан хэлбэрээр мэдээлж, тайлагнана:

а.сэдэвт ажлын удирдагч ажлынхаа явцын тухай мэдээ, тайланг гүйцэтгэгч, Сан, холбогдох байгууллагад шаардсан тухай бүрд нь гаргаж өгөх;

б.сэдэвт ажлуудын явц, үр дүнгийн талаар гүйцэтгэгч энэ журмын 2.4-т заасан дүгнэлт гаргуулж жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны дотор Санд ирүүлж байх;

в.сэдэвт ажлуудын явц, үр дүнгийн байдал нь санхүүжилттэйгээ хэрхэн уялдаж байгаад Сан дүгнэлт хийж нэгдсэн мэдээлэл бүрдүүлэн жил бүрийн 10 дугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлж байх;

4.5.Дууссан ажлын тайлан бичих, түүнийг хүлээлгэн өгөх, хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг Гэгээрлийн сайдын 1998 оны 173 дугаар тушаалаар баталсан "Эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээлгэн өгөх, ашиглуулах журам"-аар зохицуулна.


Нэгдүгээр хавсралт


СУУРЬ СУДАЛГААНЫ СЭДЭВТ
АЖЛЫН ТОДОРХОЙЛОЛТ
(Үлгэрчилсэн загвар)
Сэдэвт ажлын:

нэр

хугацаа (он)

нийт зардал (мян.төг)

удирдагч (овог, нэр, эрдмийн зэрэг, цол, албан тушаал)

Сэдэвт ажилд оролцогчид (овог, нэр, эрдмийн зэрэг, цол, албан тушаал)




Сэдэвт ажлын:

зорилго

судлагдсан байдал

судлах материал, мэдээллийн хангамж, техник-технологийн боломж

шинжлэх ухааны шинэлэг тал, ач холбогдол

Сэдэвт ажлаар дэвшүүлэх таамаглал, бүтээл туурвилын чиглэл

Сэдэвт ажилд оролцогчдын онол, арга зүйн бэлтгэл, энэ чиглэлээрх дадлага туршлага

Тухайн сэдэвт ажлыг гадаадын орон, олон улсын байгууллагатай хамтран явуулах бол энэ талаар урьдчилан хийсэн гэрээ хэлцэл

Гадаадтай солилцох мэдээллийн нууцын хамгаалалт

Гадаадтай хамтран явууулах сэдэвт ажлын хүрээнд гадаад хөрөнгийн эх үүсвэр, тоног төхөөрөмж ашиглах боломж гэх мэт

Тодорхойлолт гаргасан:

Толгойлон гүйцэтгэгч байгууллагын захирал …………………………………………………

(Гарын үсэг, овог, нэр)

Сэдэвт ажлын удирдагч …………………………………………………

(Гарын үсэг, овог, нэр)

Жич: Гарын үсгийг тэмдгээр баталгаажуулна



Хоёрдугаар хавсралт


БАТЛАВ. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД А.ЦАНЖИД


20 . . онд гүйцэтгэх онолын суурь судалгааны
сэдэвт ажлын жагсаалт
(Загвар)

Толгойлон гүйцэтгэгч байгууллагын нэр ……………………………………………………..

харилцах утас …………… 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр

Сэдэвт ажлын нэр Хугацаа

(оноор)
Сэдэвт ажлын удирдагч

(нэр, албан тушаал, эрдмийн зэрэг, цол)
Зардал

(мян. төгрөг)
Дэвшүүлэх таамаглал, бүтээл туурвилын чиглэл
1 2 3 4 5






Шинээр эхлэх сэдэвт ажлын талаар холбогдох эрдмийн зөвлөл, түүнтэй адилтгах байгууллагаас өгсөн дүгнэлт болон үргэлжлэн хийгдэж буй ажлын жил жилийн санхүүжилт, явц, үр дүн, сэдэвт ажилд оролцогчдын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргана

Жагсаалтыг:

үйлдсэн толгойлон гүйцэттгэгч байгууллагын захирал

……………………………………………………

(Гарын үсэг, овог, нэр)

хянасан БСШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын

бодлого, зохицуулалтын газрын дарга …………………………………………. (Гарын үсэг, овог, нэр)

Жич: Гарын үсгийг тэмдгээр баталгаажуулна.

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.92

Онлайнд 14 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +