| МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ
1998 оны 07-р сарын 28 өдөр Дугаар 173 Улаанбаатар хот Итгэмжлэн хадгалагчаар батлах тухай
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 16.2.2. дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1.Улсын захиалгатай шинжлэх ухаан, технологийн төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг итгэмжлэн хадгалагчаар "Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн төв" корпорацийг баталсугай.
2."Эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээлгэн өгөх, ашиглуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
3.Монгол Улсын "Эрдэм шинжилгээний ажлын тайлан" MNS=ISO.2492-97 стандартыг олшруулж эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэл, корпорациудад тараан хүргүүлэх, уг стандартын дагуу тайлан гаргаж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж, зохицуулж ажиллахыг итгэмжлэн хадгалагчид үүрэг болгосугай.
4.Шинжлэх ухаан, технологийн багц хууль батлагдан гарсантай холбогдуулан эрдэм шинжилгээний ажлын тайлан бичих улсын стандартын зарим үг хэллэгийг түүнд нийцүүлж боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагад асуудал оруулж шийдвэрлүүлэх, урьд нь хэрэгжүүлсэн төслүүдийн хүлээлгэж өгөөгүй тайланг нөхөн хүлээж авахыг итгэмжлэн хадгалагчид тус тус даалгасугай.
5.Урьд нь гүйцэтгэсэн төслийнхөө тайланг итгэмжлэн хадгалагчид хүлээлгэж өгөөгүй нөхцөлд Засгийн газрын 1998 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын "Шинжлэх ухаан, технологийн төслийг санхүүжүүлэх гэрээ" гэсэн хавсралтын 8.2.ж-д заасантай дүйцэх хэмжээний хөрөнгийг тухайн төслийн гүйцэтгэгчээр төлүүлэх, түүнд дахин төсөл өгөхгүй байх зэрэг арга хэмжээг итгэмжлэн хадгалагчаас гаргасан саналын дагуу авч хэрэгжүүлэхийг Шинжлэх ухаан, технологийн сан(Ч.Цовоохүү)-д үүрэг болгосугай.
6.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Итгэмжлэн хадгалагчаар батлах тухай" Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1995 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
Гэгээрлийн сайдын 1998 оны 173 дугаар тушаалын хавсралт
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ, АШИГЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.Улсын захиалгатай шинжлэх ухаан, технологийн төсөл (цаашид "төсөл" гэх)-ийн хүрээнд, улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажил (эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил)-ын эцсийн тайланг итгэмжлэн хадгалагчид хүлээлгэн өгч, шинжлэх ухаан, технологийн мэдээллийн төвлөрсөн санд хадгалуулах, түүний ашиглалт, хамгаалалттай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно. Бусад шугамаар явуулсан эрдэм шинжилгээний ажлын тухайд энэ журам хамаарахгүй.
2."Итгэмжлэн хадгалагч" гэж эрдэм шинжилгээний ажлын тайланг төрийн өмчийн хувьд фондлон хадгалах, сурталчилах, түүний мэдээллийн нууцыг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй, төрийн өмчит хуулийн этгээдийн эрх бүхий мэргэжлийн байгууллагыг хэлнэ. Итгэмжлэн хадгалагчийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр батална.
Хоёр. Эрдэм шинжилгээний ажлын тайлан
4."Эрдэм шинжилгээний ажлын тайлан" (цаашид "тайлан" гэх) гэж эрдэм шинжилгээний ажлын үр дүн, хөгжил дэвшил, өнөөгийн түвшинг илтгэсэн баримт бичгийг хэлнэ. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг энэхүү журамд шинжлэх ухааны үйл ажиллагааны хүрээнд бий болсон шинэ мэдлэгийг илэрхийлж буй цэгцтэй мэдээлэл гэсэн утгаар ойлгоно.
5.Тайланг Стандартчилал, хэмжил зүйн төвийн даргын 1997 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 81 дүгээр тушаалаар баталсан "Эрдэм шинжилгээний ажлын тайлан" нэртэй Монгол Улсын MNS=ISO.2492-97 стандартын дагуу бичнэ.
6.Тухайн төслийн хүрээнд гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын онол, арга зүйн түвшинг тодорхойлох, үр дүнг дотоод, гадаадад мэдээлэхэд уг тайланг албан ёсны тулгуур баримт бичиг болгож ашиглана.
7.Тайлан нь зохиогчийн эрхэд хамаарах бүтээл учир оюуны үнэт зүйл буюу өмчлөлийн зүйл мөн.
8.Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр бий болсон тайлан нь Монгол Улсын нийтийн буюу төрийн өмчид хамаарна.
Гурав. Тайланг итгэмжлэн хадгалагчид хүлээлгэн өгөх
9.Тайланг эрдэм шинжилгээний холбогдох байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж үнэлэлт дүгнэлт гаргуулан баталгаажуулснаас хойш 2 сарын дотор багтаан төсөл гүйцэтгэгчээс итгэмжлэн хадгалагчид "Эрдэм шинжилгээний тайланг хүлээлцсэн тухай акт"-аар хүлээлгэж өгнө (Актын загварыг хавсаргав). Актын эх бичвэрийг 5 хувь үйлдэж итгэмжлэн хадгалагч, төсөл гэрээлэгч талууд, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн Ажлын албанд тус бүр нэг хувийг хадгалуулна.
10.Итгэмжлэн хадгалагч тайланг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэн түүнд дугаар олгох ба нууцлагдах мэдээлэл агуулагдаж буй эсэх байдал(цаашид "нууцлалтын ангилал" гэх)-ыг хавтсан дээр нь А, Б, В үсгээр томъёолон бичиж, төрийн нууцын зэрэглэл буюу нууцын байдлыг илэрхийлсэн тэмдэг дарна.
11.Тайланг нууцлалтын дараахь ангилалд хамааруулна:
А-Төрийн нууцад хамааруулсан мэдээлэл агуулж буй тайлан;
Б-Байгууллагын нууцад хамааруулсан мэдээлэл агуулж буй тайлан;
В-Нууцлагдах мэдээлэл агуулаагүй тайлан.
12.Төсөл гүйцэтгэгч тайланг итгэмжлэн хадгалагчид хүлээлгэн өгөхөөс өмнө уг тайланд нууцлагдах мэдээлэл агуулагдаж буй эсэхийг өөрөө тодорхойлон, эрх бүхий холбогдох байгууллагаар хянуулж албан ёсны дүгнэлт гаргуулсан байвал зохино.
Дөрөв. Тайланг хадгалах, сурталчилах
13.Итгэмжлэн хадгалагч тайланг мэдээлэл, баримт бичгийн олон улсын ангиллын дагуу ангилан ялгаж, түүний тухай ном зүй- реферат мэдээллийн санг монгол, англи хэл дээр байгуулан шинжлэх ухаан, технологийн мэдээллийн төвлөрсөн санд хадгална. Тайлангийн бүрэн бүтэн байдал, түүнээс үүдэн гарах бүхий л хариуцлагыг итгэмжлэн хадгалагч хүлээнэ.
14.Мэдээлэл, сурталчилгааны ажил явуулах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд итгэмжлэн хадгалагч тайлан, түүний шийдлүүдийн тухай ном зүй-реферат мэдээллийн санг рефератын агуулгынх нь хэмжээнд мэдээлэл үйлчилгээнд ашиглах, дотоод, гадаадын сүлжээнд гаргах, хэвлэн нийтэлж зарлан сурталчилах ажлыг тус тус зохион байгуулна. Түүнчлэн төслийн гэрээлэгч талууд сурталчилах үйл ажиллагаанд идэвхитэй оролцох үүрэг хүлээнэ. Төрийн болон байгууллагын нууцад хамааруулсан мэдээллийг гагцхүү эрх бүхий холбогдох байгууллагын зөвшөөрөлтэйгээр мэдээлэх буюу зарлан сурталчилна.
15.Тайланг хадгалах, сурталчилах, түүний мэдээллийн нууцыг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд тухайн төслийн төсөвт өртгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийн шимтгэлийг сүүлийн жилийн санхүүжилтээс нь бодож тайлан хүлээлцэх явцад санхүүжүүлэгчээс итгэмжлэн хадгалагчид шилжүүлнэ. Тайлангаа итгэмжлэн хадгалагчид хүлээлгэж өгөөгүй бол Засгийн газрын 1998 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын "Шинжлэх ухаан, технологийн төслийг санхүүжүүлэх гэрээ" гэсэн хавсралтын 8.2.ж-д заасан хэмжээний хөрөнгийг гүйцэтгэгчид олгохгүй.
Тав. Мэдээллийн нууцыг хамгаалах
16.Итгэмжлэн хадгалагч өөрт хадгалагдаж байгаа тайлан, түүний шийдлүүдийн тухай мэдээллийн төрийн нууцад хамааралтай хэсгийг зохих хууль тогтоомжийн дагуу хамгаалах арга хэмжээ авна.
17.Байгууллагын нууцад хамаарах мэдээллийг хамгаалах тухайд нууцаа хамгаалах талаар тухайн байгууллагаас тогтоосон журмыг итгэмжлэн хадгалагч нэгэн адил дагаж мөрдөх үүрэг хүлээнэ. Итгэмжлэн хадгалагч эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь хүний нууцыг байгууллагын нууцын адил хамгаална.
Зургаа. Тайланг өмчлөх, ашиглуулах
18.Төслийн тайланг өмчлөх, ашиглах асуудлыг төслийн гэрээлэгч талууд төсөл хэрэгжүүлэх гэрээндээ тодорхой заана.
19.Энэхүү журамд авч үзэж буй төслийн тухайд улсын төсвийн хөрөнгөөр Засгийн газрын нэрийн өмнөөс тодорхой үр дүн захиалж нийтийн буюу төрийн өмч үүсгэсний хувьд төсөл захиалж гүйцэтгүүлсэн байгууллага нь төслийн тайланг хуулийн хүрээнд өмчлөх буюу эзэмших, ашиглах эрхтэй. Гэхдээ оюуны үнэт зүйлийн хувьд уг эрхийг тухайн бүтээлийн зохиогчийн эрхтэй салшгүй холбоотойгоор хэрэгжүүлнэ.
20.Албан үүргээ гүйцэтгэх журмаар бүтээл туурвисан зохиогч тухайн байгууллагатай хийсэн гэрээнийхээ дагуу зохиогчийн эрхийг эдэлнэ. Гэрээнд өөрөөр заагаагүй бол зохиогч нь бүтээлийнхээ хувьд эд хөрөнгийн бус амины эрхийг, захиалагч нь гэрээнд заасан болзол, нөхцөлийн дагуу буюу зохиогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр бүтээл ашиглах онцгой(эд хөрөнгийн) эрхийг тус тус эдэлнэ.
21.Тайланг итгэмжлэн хадгалагчид хүлээлгэн өгч бүртгүүлснээр тайлан өмчлөх захиалагчийн эрх үүснэ. Захиалагч бүтээл ашиглах онцгой эрхээ бусдад гагцхүү бичгээр үйлдсэн гэрээний үндсэн дээр бүрэн, эсвэл хэсэгчлэн шилжүүлж болох бөгөөд ингэхдээ бүтээл ашиглах арга, хэлбэр, хугацаа, зохиогчийн болон ашиглах этгээдийн эрх, үүрэг, ашигласны үнэ хөлс зэргийг уг гэрээнд тодорхой тусгасан байвал зохино.
22.Тайлан, түүний шийдлүүдийг дотоод, гадаадын хэрэглэгчдэд ашиглуулахад баримтлах зарим зүйл:
а/ итгэмжлэн хадгалагч тайлангийн талаар мэдээлэл, сурталчилгаа хийсэн, хэрэглэгчдийн эрэлт, захиалгыг судлан тодорхойлсон үйл ажиллагаандаа тулгуурлан тайлан өмчлөгч ба хэрэглэгчдийн хооронд тайлан, түүний шийдлүүдийг ашиглуулах талаар гэрээ хэлцэл байгуулахад нь зохих журмын дагуу зуучлан үйлчилж болох бөгөөд ашиглалтын үнэ, хөлс, шагнал, болзол, нөхцөлийг тайлан өмчлөгч тогтоох;
б/ тайлан, түүний шийдлүүдийг ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хууль, Патентын тухай, Зохиогчийн эрхийн тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай, Технологи дамжуулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулиуд, эрх зүйн холбогдох бусад акт баримтыг үндэслэл болгох;
в/ тайланг ашиглуулахтай холбогдуулан тайлан, түүний хэсгийг гадаад хэлэнд хөрвүүлэх, хэвлэх, олшруулахтай холбогдон гарах зардлыг тайлан өмчлөгч хариуцах.
Эрдэм шинжилгээний
тайланг хүлээлгэн өгөх,
ашиглуулах журмын хавсралт
Эрдэм шинжилгээний ажлын тайланг хүлээлцсэн тухай акт (Загвар)
19..-19.. онд хэрэгжүүлсэн ......... ........ ............
нэртэй шинжлэх ухаан, технологийн төслийн эрдэм шинжилгээний ажлын эцсийн тайланг төсөл гүйцэтгэгчээс итгэмжлэн хадгалагчид хүлээлгэн өгч 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр энэхүү актыг үйлдэв.
Тайлангийн: улсын бүртгэлийн дугаар ... нууцлалтын ангилал ... нэр ................................................ бүрдэл: хуудасны тоо ... хавсралт ... бүдүүвч, зураг ... Тайлан өмчлөгч ............................ Итгэмжлэн хадгалагч ....................... Төсөл гүйцэтгэгч .......................... Хүлээлгэн өгсөн (төсөл гүйцэтгэгчийг төлөөлж) ................................................................ (Гарын үсэг, овог, нэр, албан тушаал) Хүлээн авсан (итгэмжлэн хадгалагчийг төлөөлж) ................................................................ (Гарын үсэг, овог, нэр, албан тушаал) (Гарын үсгийг тамга, тэмдгээр баталгаажуулна) |